Хэдхэн өдрийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Үндэсний их баяр наадмаар иргэд зон олны шимтэн үзэх дуртай, нүд сэтгэлийг баясгадаг зүйл бол хурдан морины уралдаан. Хэний хурдан хүлэг айраг түрүү авч, тодрон гарч ирэх вэ гэдгээс тухайн наадмын өнгө тодордог билээ.
Түүнчлэн эрт үеэсээ л Монгол түмэн хурдан хүлгээ хоорондоо наймаалцаж ирсэн ард түмэн. Тухайн хүлэг хэр үнэд хүрэхээс хурд хүч нь хэмжигддэг байсан гэхэд болно. Энэ ч утгаараа хурдан морьд худалдаалах нь өдгөө бизнес болтлоо хөгжжээ. Хурдан морины салбарт түүхэн алдар цуутай, өндөр үнэд хүрсэн олон хурдан хүлэг бий. Тодруулбал, “Монгол хээр” гэх азаргыг 800 саяар, Бидэрт халиун морь 800 сая, мөн тэнгэрийн хээр гэх азаргыг 800 саяар худалдсан байдаг. Баттай нь л эдгээр болохоос биш тэрбум, хоёр тэрбумаар зарагдсан гэх олны ам дамжсан яриа ч байдаг билээ.
Мөн хурдан моринд гар татдаггүй хүмүүс ч цөөнгүй байна. Тодруулбал “Мон уран”-ы Б.Наранхүү цэвэр монгол цусны хурдан удмын адууг 800 саяар авч байсан тухайгаа өөрөө ярьсан байдаг бол АПУ”-ын П.Батсайханг ч “Шоу халзан” гэх хурдан хүлгийг багагүй үнээр авсан хэмээн ярьдаг билээ.
-ДАМБЫН ХИШГЭЭГИЙН 700 САЯАР ХУДАЛДАН АВСАН ГЭХ ХЯЗААЛАН НАСНЫ ҮРЭЭ УЛСЫН НААДАМД НЭГ ТҮРҮҮЛЖ БАЙЖЭЭ-
Тэгвэл саяхан бага насны адууг 700 саяар худалдан авсан тухай бидэнд эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, Дамбын Хишгээ гэж олонд танигдсан Д.Хишигжаргал хязаалан насны үрээг 700 саяар худалдан авсан байна. Учир нь бага насны адуу ийм өндөр үнэ хүрэх нь тун ховор аж. Түүний 700 сая төгрөгөөр худалдаж авсан гэх хээр үрээ нь 2022 оны Улсын наадамд даага түрүүлж, 2023 оны Хэнтий аймгийн 100 жилийн баяр наадамд шүдлэн түрүүлж байжээ.
Тодруулбал, Энэ жилийн хязаалан үрээг 2022 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Болдбаатар дааганд нь уяж, Улсын их баяр наадамд түрүүлгэж байсан бөгөөд түүнээс Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Ж.Алтанхуяг худалдан авч, өнгөрсөн жил Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойд шүдлэн насанд нь хол тасархай түрүүлгэж байжээ. Уг хээр хязаалан нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Б.Билгүүнбаатар гэх хүний унаган адуу бөгөөд эх нь аймгийн алдарт уяач н.Тайван гэх хүний адуу ажээ.