Хотын дарга Х.Нямбаатарын зургийг шатаасан иргэнийг "заналхийлсэн" гэх тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татах санал хүргүүлжээ

Хотын дарга Х.Нямбаатарын зургийг шатаасан иргэнийг "заналхийлсэн" гэх тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татах санал хүргүүлжээ

Хотын дарга Х.Нямбаатарын зургийг шатаасан хэрэг явдал өнгөрсөн гуравдугаар сард гарсан билээ.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "БХБОС-ын сайд Э.Бат-Амгалангийн захиалгаар хэн нэгэн ууланд гарч зургийг нь шатааж, зан үйл үйлдсэн" гэх бичлэгийг нийтэлж, уг хэргийг олны анхааралд оруулсан бөгөөд уг хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд иргэн Х.Нямбаатараас "Амь насанд заналхийлсэн утгатай миний зураг бүхий самбарыг шатаан, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан" гэх гомдол мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас хэргийг шалгаж байна" гэх мэдээллийг өгч байсан юм.

Тэгвэл тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, тус хэргийг үйлдсэн байж болзошгүй гэгдэж буй Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батболдод хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд түүнийг тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татах саналыг цагдаагаас прокурорт хүргүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батболдыг Хотын дарга Х.Нямбаатарыг зургийг шатааж, заналхийлсэн гэх үндэслэлээр шалгаж, улмаар Эрүүгийн хуулийн 23.7-1 дэх хэсэг буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэсэн зүйл ангиар яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн бөгөөд одоогоор хэрэг прокурорт хянагдаж байгаа аж. Хэрэв Ж.Батболдыг дээрх зүйл ангиар яллагдагчаар татан, шүүх гэм буруутай нь тогтоогдвол тэрбээр тав хүртэл жилийн хорих ял шийтгэгдэх хуулийн зохицуулалттай юм. 

Тодотговол, Эрүүгийн хуулийн 23.7-1 дэх хэсэгт Нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн; эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө