Холимог тулаанч З.Шинэчагтга өнгөрсөн онд бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдож, шүүхээс түүнд 310 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноож байсан билээ.
Тодруулбал, З.Шинэчагтга нь согтуурсан байхдаа 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар тоотод иргэн М.Н буюу хамтран амьдрагчтайгаа хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас М.Н-ийн биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.
Улмаар прокуророос З.Шинэчагтгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тус хэргийг 2025 оны нэгдүгээр сард хэлэлцээд, түүнд 2.7 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.
Гэсэн ч прокуророос түүнийг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт удаа дараа холбогдсон ч гэм буруугаа ухамсарлахгүй байна" хэмээн эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Ингээд тус шүүх уг хэргийг хэлэлцээд хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр буцаасан бөгөөд энэ дагуу анхан шатны шүүх З.Шинэчагтгад холбогдох хэргийг өнгөрсөн оны тавдугаар сард /2025.05.07/ хэлэлцээд, торгох ялын хамгийн дээд хэмжээ болох 2.7 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг. Харин прокуророос тус хэрэгт дахин эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу тус хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж, эцэст нь шүүхээс түүнд 310 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноосон байдаг.
Тэгвэл холимог тулаанч З.Шинэчагтга нь дахин бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ. Тодруулбал, З.Шинэчагтга нь хамтран амьдрагчтайгаа хардалтын улмаас маргалдаж, биед нь халдсан гэмт хэрэгт холбогдсон байна. Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6-ын хоёрдугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Харин шүүх тус хэргийг энэ сарын 02-ны өдөр хэлэлцэхээр товлоод байсан ч З.Шинэчагтга нь шүүх хуралд шалтгаагүйгээр ирээгүй байна. Тиймээс шүүхээс түүнийг албадан ирүүлэх шийдвэрийг гаргажээ. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2.
Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.