Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн талаар ЕТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн тэргүүн баруун таван аймагт ажиллахдаа, 7000 орчим иргэнтэй уулзаж, хуулийн төслийг танилцуулсан. Энэ үеэр тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд мөн тойрогтоо ажиллаж таарсан юм. Иргэд энэ хуулийн төслийг батлуулах ёстой гэж хоёр гараа өргөн дэмжсэн. Нийгмийн захиалга гэж энэ юм. Ерөнхийлөгчийг иргэд сонгодог. Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон бол намын дарга санал оруулах заалтыг олон гишүүн шүүмжиллээ. Төслийг хэлэлцэх явцад энэ заалтыг хуулиас хасаж болно. Энэ эрх нь УИХ-д бий. Нам хариуцлагын гадна үлдэж болохгүй гэсэн үүднээс энэ заалтыг хуулийн төсөлд нэмсэн. Манай улс парламентын засаглалтай болоод 34 жил боллоо. Энэ хугацаанд анх удаа ёс зүйг парламентаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа нь дэвшил мөн. Парламентын гишүүд өнөөдрийг хүртэл оруулж ирээгүй тул төрийн тэргүүн энэ хуулийг санаачлахаас өөр арга байгаагүй. УИХ-ын гишүүд өөрийгөө эргүүлэн татах хуулийн төслийг оруулж ирэхгүй юм байна гэдгийг бид харлаа. Ард түмний, нийгмийн хүлээж буй энэ төслийг Ерөнхийлөгч л өргөн барих юм байна. Үндэсний аюулгүй байдлын ажлын алба нь Ерөнхийлөгчид туслан зааварчлах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтан ажилласан. Ямар нэг хууль зөрчөөгүй. Би ч тэр ажлын хэсэгт багтсан. Энэ хууль үндэсний аюулгүй байдал, парламентын засаглалтай холбоотой" хэмээн ярилаа.