Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнөөдөр хянан хэлэлцжээ.
Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/002517 дугаар “Прокурорын саналыг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналд дурдсан “прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, мөн “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл нь тогтоогдож байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Л.Баяржаргалд 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.