Интерполын төв байранд Монгол Улсын төрийн далбааг анх удаа мандуулсан нь Монгол Улсын цагдаагийн байгууллагын олон улсын хамтын ажиллагаа, нэр хүнд шинэ түвшинд хүрснийг илтгэсэн онцлох үйл явдал боллоо.
Тодруулбал, Интерполын Ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн дарга онцгойлон Монгол Улсын цагдаагийн байгууллагын удирдлагыг Бүгд Найрамдах Франц Улсын Лион хот дохь Интерполын төв байранд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд уг үйл явдлыг Интерпол өөрийн цахим сувгуудаар дамжуулан олон улсад мэдээлсэн байна. Сүүлийн жилүүдэд Монголын Интерпол нь гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг илрүүлэн баривчлуулах, эх оронд нь шилжүүлэн авчрах чиглэлээр идэвхтэй ажиллаж, Интерпол болон гишүүн орнуудын цагдаагийн байгууллагуудтай хамтарсан тусгай ажиллагааны чанар, үр дүнгээр тэргүүлэх түвшинд хүрсэн байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд нийт 16 оргодол этгээдийг гадаад улсуудаас эх оронд нь авчирч, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэсэн бол 2026 оны эхний улирлын байдлаар 6 этгээдийг шилжүүлэн авчраад байна. Харин ойрын хугацаанд Бүгд Найрамдах Польш Улсаас эрэн сурвалжлагдаж буй этгээдийг шилжүүлэн авах ажиллагааг явуулах төлөвтэй байна. Учир нь Бүгд Найрамдах Польш Улсын цагдаагийн байгууллагаас Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн толгойлогчийг баривчилсан талаар өнгөрсөн онд тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн юм.