Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд гарын үсэг зурах санал асуулгыг www.uih.mn буюу “United info hub” сайтын “Нийтийн өргөдөл” цэсээр дамжуулан явуулж буй. Өнөөдрийн байдлаар тус өргөгдлийг дэмжиж, 37 мянга гаруй иргэн гарын үсэг зураад байна.
Улмаар тус сайтыг хууль бус, нийтийн өргөдлийг тооцохгүй хэмээх мэдээлэл гарсан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор “United info hub” сайт мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд "UHN.mn талбар нь мэдээллийн ил тод байдлыг хангаж, төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготой хараат бус талбар бөгөөд 2026 оны 3-р сарын 31-ний өдөр “Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөл”-ийг иргэний санаачлагаар нийтэлсэн болно. Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг шаардаж Ерөнхий сайд Н.Учрал болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаягласан тус цахим өргөдөлд одоогоор 37’000 гаруй хүн нэгдээд байна. Монгол Улсын иргэд өөрсдийн үзэл бодол, шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх юм.
Гэтэл НЗДТГ-аас баасан гарагт “UHN.mn сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдлийг албан бус, хуулийн байгууллагад шалгуулна” гэх ижил гарчиг, тексттэй мэдээллийг нэр бүхий сайтууд, пэйжүүдээр зохион байгуулалттай зэрэг түгээсэн нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж, хуулийн байгууллагаар далайлгасан шинжтэй үйлдэл гэж үзэж байна.
Мөн Монгол улсад иргэд үзэл санааны эв нэгдэл, эсэргүүцлээ илэрхийлэхдээ хаанаас ч зөвшөөрөл авах, албажуулах шаардлагагүй бөгөөд UHN.mn талбарыг хууль бус гэх мэдээлэл нь ор үндэсгүй. Change.org зэрэг иргэдийн үзэл санааны эв нэгдлийг илэрхийлдэг цахим талбарын адил чөлөөтэй, хил хязгааргүй ажилладаг, хараат бус талбар юм. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг боомилж, хуулийн байгууллагаар далайлгасан уг үйлдлийг хүний эрхийн зөрчил болохыг тогтоолгохоор Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хандаж буйг үүгээр мэдэгдье. Дарангуй, түрэмгий хандлагыг эсэргүүцэж улам олуулаа өргөдөлд нэгдэхийг уриалж байна" гэжээ.