Бид өмнө нь 120 мянгатын Автобусны буудал дахь дулаан зогсоолд ТҮЦ нүүж орсон талаар сурвалжилж байсан. Уг автобусны зогсоолыг НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан хувийн хөрөнгөөр барьсан байдаг. Тэгвэл нийслэлийн хөрөнгөөр “New Ulaanbaatar West Terminal” төслийн хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн автобусны буудлуудад нийт 67 дулаан зогсоол барьж байгуулсан. Харин тэдгээр 67 буудлын нэг таван шарын автобусны буудал дахь дулаан зогсоол дотор ч мөн ТҮЦ эрхэлж эхэлжээ.
ВИДЕО:
-НЗДТГ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭР НИЙСЛЭЛЧҮҮДЭД ИЖИЛ ТЭГШ ҮЙЛЧИЛСЭНГҮЙ-
Хотын дарга одоогоос найман сар орчмын өмнө цахим хуудсаараа дамжуулан нийслэлд нэг ч ТҮЦ байх ёсгүй, хүчээр ч хамаагүй буулга, тог цахилгаанаар хангаад байгаа холбогдох албан тушаалтнуудыг ажлаас нь хал хэмээн зарлигдаж, нийт 1207 түргэн үйлчилгээний цэгийг албадан буулгасныг нь дахин сануулъя. Гэвч НЗДТГ-аас гаргасан шийдвэр нийслэлчүүдэд ижил тэгш үйлчилсэнгүй. Учир нь НЗДТГ-ын харьяанд байдаг таван шарын автобусны буудалд байрлах “автобусны дулаан зогсоол” ТҮЦ болжээ. Нийслэлд ТҮЦ байх ёсгүй хэмээсэн нийслэлийн шийдвэр өөрчлөгдөж ямар иргэдэд “Автобусны дулаан зогсоол”-д ТҮЦ эрхлэх зөвшөөрөл олгосон нь иргэдийн анхаарлыг татаж байгаа юм.
Уг дулаан зогсоол нь Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд байрладаг бөгөөд ТҮЦ эрхлэх зөвшөөрлийг хариуцсан дүүргээсээ авсан хэмээн ТҮЦ эрхлэгч нь хариулсан юм.

-ДУЛААН ЗОГСООЛД ТҮЦ ОРУУЛСАН НЬ ДАРГА НАР БУСДЫН ЭРХИЙГ ХААЖ, ӨӨРСДӨДӨӨ АШИГТАЙ БИЗНЕС ХИЙЖ БАЙГАА ХЭРЭГ-
Харин иргэд “Энэхүү зогсоол нь яхир өвлийн хүйтэнд хаалттай байж байгаад онгойсон. Ашгүй нэг юм онгойлоо гэж бодтол урин дулаан цаг ирэх зэрэгцээ дотор нь ТҮЦ эрхлээд эхэлчихсэн байна. Хэнд хандаж хаана, хэлэхээ мэдэхгүй байлаа. Уг нь дулаан зогсоол байх нь иргэдэд их хэртэй. Бид чинь өвлийн хүйтэнд бага насны хүүхдээ дагуулаад автобусаар явах шаардлага бишгүй л олон гардаг. Зун ч гэсэн бороо салхитай үед автобус хүлээхдээ орно шүү дээ. Гэтэл нэг ч гэсэн хэрэгтэй зүйл бий боллоо гэтэл ТҮЦ болгочихоор бид яаж ашиглах юм бэ. Жил хүрэхгүй хугацааны өмнө л ТҮЦ байх ёсгүй гээд хамаг юмыг нь талаар нэг цацаж байгаад хүчээр буулгасан. Гэтэл ямар эрхтэн, дархтанд ийм эрх олгоод байгаа юм. Энэ бол иргэдээ бодож байгаа шийдвэр ерөөсөө биш. Харин дарга нар бусдын эрхийг хааж, өөрсдөдөө ашигтай бизнес хийж байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байна.
