БНХАУ-д зорчихдоо гадаад паспортоо биеэсээ салгахгүй, анхаарал болгоомжтой аялахыг зөвлөв

БНХАУ-д зорчихдоо гадаад паспортоо биеэсээ салгахгүй, анхаарал болгоомжтой аялахыг зөвлөв

Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо өөрсдийн болгоомжгүйгээсээ болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдол гарч байгааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас анхаарууллаа.

Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга өгөх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэл үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны хилээр орж гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж, 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.

ЭСЯ-наас паспортоо гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг. Иймд БНХАУ-аар зорчиж буй манай улсын иргэд хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхаарал болгоомжтой аялах шаардлагатай байна.

Бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд ЭСЯ-ны +8617600787323, +861065321203 дугаар, [email protected], [email protected] цахим хуудсаар холбогдох аж.