Компанийхаа данснаас 4.7 тэрбум төгрөг гарган авч, их хэмжээний хохирол учруулжээ

Компанийхаа данснаас 4.7 тэрбум төгрөг гарган авч, их хэмжээний хохирол учруулжээ

Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр компанийхаа данснаас 4 тэрбум 776 сая төгрөгийг гарган авч их хэмжээний хохирол учруулсан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “Э...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө, ерөнхий нягтлан бодогч Г.О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр компаний данснаас 4 тэрбум 776 сая төгрөгийг гарган авч их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.

Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.