Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) 68 дугаар хуралдаан өнөөдөр /2026.04.10/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд даргыг сонгохоор төлөвлөсөн ч уг асуудлыг хойшлуулж, нэг сарын дотор дахин хуралдаж шийдвэрлэхээр болсон байна. Харин одоогоор намын Улс төрийн зөвлөлийн 32 гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хуралдааны үеэр Д.Амарбаясгаланг намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн ч 378 гишүүнээс 153 нь дэмжээгүй байна. Үүний дараа АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг нэр дэвшүүлсэн боловч санал хураалт явуулалгүйгээр хурал завсарлажээ.
Мөн ҮБХ-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмыг танилцуулж, намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Түүнчлэн бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцсэн байна.