Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжлэх Туулын хурдны замын төсөл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.
Туул гол бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр бөгөөд үүн дээгүүр гүүрэн байгууламж бүхий хурдын зам барих нь байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулна хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлж буй. Гэтэл иргэдийн энэхүү эсэргүүцлийг үл тоомсорлон Туулын хурдны зам төслийн хүрээнд шөнө дөлөөр, нууцаар бургас хядаж, байгаль экологийг сүйрүүлэх үйл ажиллагаа явагдсаар байгаа тул “Хатан туулaa хамгаалья” иргэдийн хөдөлгөөний зүгээс эсэргүүцлийн дараагийн шатны алхамдаа шилжиж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт хүргүүлсэн.
Харин Хотын дарга Х.Нямбаатар тус төслийг үргэлжлүүлэхийг тулд "бүхнийг хийнэ" хэмээн иргэдийн эсрэг жагсаал хүртэл зохион байгуулаад амжсан ч хамгийн сүүлд "Эв эеэ хичээж, төслүүдээ урагшлуулъя" хэмээн нийслэлчүүдээс гуйгаад байгаа.
Тэгвэл Туулын хурдын замын төслийн бүтээн байгуулалттай холбоотойгоор Богдхан уулнаас бууж ирсэн бугын сүргээс нэг буга Туул голын эрэг дагуу үхсэн байгаа талаарх дүрс бичлэг бүхий мэдээллийг иргэд цахим орчинд дэлгэлээ.
Тус бичлэгээс харвал буга Туулын эрэг дагуу голд толгойгоор хийсэн байдалтай үхжээ. Тухайн буга ямар шалтгаанаар үхсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд иргэдийн мэдээлж байгаачлан магадгүй буга Туулын хурдын замын бүтээн байгууллалтын ажилтай холбоотойгоор Туул гол бохирдож, улмаар түүгээр ундаалсан зэрлэг амьтад үхэж эхэлсэн гэдгийг тодотгож байна.