"Туулын хурдын зам"-ыг барих Хятад компани менежментийн төлөвлөгөөг батлаагүй байхдаа ажлаа эхлүүлсэн байсан тул торгуулийн арга хэмжээ авахаар болжээ

"Туулын хурдын зам"-ыг барих Хятад компани менежментийн төлөвлөгөөг батлаагүй байхдаа ажлаа эхлүүлсэн байсан тул торгуулийн арга хэмжээ авахаар болжээ

Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжлэх Туулын хурдны замын төсөл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. 

Энэ ч утгаараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсон Ц.Сандаг-Очир ажлаа хүлээн авсныхаа дараа Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийж, улмаар Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоох шийдвэрийг гаргаад байгаа. 

Тэгвэл Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК нь Менежментийн төлөвлөгөөг батлаагүй байхад ажил эхлүүлсэн байсан аж. Тиймээс ч тухайн аж ахуйн нэгжид хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авахаар болжээ. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсон Ц.Сандаг-Очир "Би ажил авахад манай яам надад Туулын хурдны замын ажлыг танилцуулсан. Дүгнэлт нь гараагүй, ийм ийм хуулийг зөрчлөө гэсэн. Менежментийн төлөвлөгөөг батлаагүй байхад ажил эхлүүлсэн гэж үзэн тухайн компанид торгууль ногдуулна. Торгохоос өөр аргагүй. Техникийн нөхцөлөө авсны дараа барилга байгууламжийн ажил эхлэх ёстой байдаг. Иймд ажлыг нь түр зогсоосон. Манай яам хуульд заасан хүрээнд хяналтаа тавина. Сөрөг нөлөө үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавьдаг. Төсөл хөтөлбөрийг зогсоох гэж байна, гацаах гэж байна, дарамталлаа, шахалт үзүүллээ гэж болохгүй" хэмээжээ.