Хүхрийн агууламж өндөртэй АИ-92 автобензинийг Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр зөвхөн Монголд зориулан үйлдвэрлэж байна

Хүхрийн агууламж өндөртэй АИ-92 автобензинийг Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр зөвхөн Монголд зориулан үйлдвэрлэж байна

Дэлхийг тойрон мотоциклтой аялж буй Нидерландын аялагч Noralu Schoenmarker буюу “Itchy Boots” сувгийн хөтлөгч эмэгтэй Монголын өргөн уудам нутгаар дайран өнгөрсөн бичлэгүүдээ цацсан нь багагүй шуугиан тарилаа. Дэлхийн 80 гаруй улсаар 190 000 гаруй км замыг ганцаараа туулсан эмэгтэй монголоор аялсан бичлэгтээ өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгалийг харуулахын зэрэгцээ нэгэн асуудлыг хөндсөн нь бидний өргөн хэрэглэж буй АИ-92 автобензины чанар.  

Тэрээр Хятадын нутгаар дамжин Монголд орж ирснээсээ хойш бензинээс муухай үнэр үнэртэж байгаа тухай ярьсан бөгөөд АИ-92 бензиний улмаас мотоцикл нь унтарсан бичлэг олны анхаарлыг татаад буй юм. Түүний унаж явсан "Frankie" нэртэй Yamaha XT 600 Z Tenere мотоцикл нь хуучны адал явдалд зориулагдсан мотоцикл бөгөөд ийм доголдол гарсан нь анхаарал татсан юм. 

-АИ-92 АВТОБЕНЗИН ШАТАЛТ БАГА ҮҮСГЭЖ, ХӨДӨЛГҮҮРИЙН ЭЛЭГДЛИЙГ НЭМЭГДҮҮДЭГ-

Монгол Улс шатахууны импортоос 100 хувь хамааралтай. Мөн газрын тос боловсруулах үйлдвэргүй, агуулах сав суулга ч байхгүй тул өөрсдөө стандарт тогтоох ямар ч боломжгүй бүхнийг нийлүүлэгч шийднэ. Манай улс нэг сард 120,000-170,000 тонн шатахуун импортолдог. Үүний 60,000-80,000 тонныгАИ-92 автобензин эзэлж буй. Дээрх тоон мэдээллээс харахад монголд ашиглаж буй нийт шатахууны тал хувийг АИ-92 автобензин эзэлж байна.

АИ 92 автобензины хэрэглээний талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дашпүрэв хэвлэлд өгсөн яриандаа  “АИ 92 бензин нь хүхрийн агууламж өндөртэй учраас байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Түүнчлэн техникт шаталт бага үүсгэдэг, хөдөлгүүрийн элэгдлийг нэмэгдүүлдэг тул дэлхий нийтээрээ “Евро-5” стандартад шилжсэн. Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр зөвхөн манай улсад зориулж АИ92 автобензин үйлдвэрлэж байгаа” хэмээн ярьсан юм. Гэтэл дэлхий даяараа Евро5 стандарт руу шилжиж, манайх л ганцаараа Евро2 стандарт дээрээ гацаад үлджээ.

Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр зөвхөн манай улсад зориулан АИ-92 үйлдвэрлэдэг. Ингэж нэг үйлдвэрээс бензинээ авдаг байх нь сайн, муу хоёр талтай гэдгийг бид бодит амьдрал дээр мэдэрч байна. Тухайлбал, сайн тал нь Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн дэлхийн ихэнх оронд шатахууны үнэ нэмэгдсэн ч манай улсын ОХУ-тай 2022 онд байгуулсан АИ-92 авто бензиний үнэ тогтворжуулах таван жилийн гэрээний хүрээнд үнэ тогтвортой буй. Тус гэрээ энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд тонн тутмын үнэ 705 орчим ам.доллараар байна гэсэн заалттай юм. Муу нь Ангарскийн үйлдвэр урсгал засвар хийх, ямар нэгэн байдлаар зогсвол манай улс АИ 92 автобензиний хямралд орох аюултай. Энэ нь ердөө л манай улс шатахууны агуулах савгүйтэй холбоотой юм. Өмнө нь ч мөн ийм үйл явдал тохиолдож байлаа. Тухайлбал, өнгөрсөн оны намар Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр урсгал засвар хийж шатахууны нийлүүлэлтээ зогсоосон даруй манай оронд шатахууны хямрал үүсч, хонон өнжин дугаарлаж байж шатахуунаа авч байв.  

-АИ 92 АВТОМАШИНЫ ЯНДАНГИЙН ХОРТ БОДИСЫГ БУУРУУЛАХ ҮҮРЭГТЭЙ КАТАЛИЗАТОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУЛРУУЛСНААР ХОР ЯЛГАРУУЛАЛТЫГ УЛАМ ӨСГӨДӨГ-

Шатахууны чанарын асуудал агаарын бохирдолтой шууд холбогдоно.  Улаанбаатар хотын агаарын бохирдол гэр хороолол, автомашин, цахилгаан станцаас үүсэж байна. Тодруулбал, агаарын бохирдлын 44.2 хувийг дулааны цахилгаан станц, 31 хувийг гэр хороолол, 16.1 хувийг автомашин, 8.7 хувийг бусад эх үүсвэр бүрдүүлдэг. Үүнээс автомашины яндангаас гарч буй утаа агаар бохирдуулагч тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг эзэлдэг байна. Европын холбооны Евро-5 стандартын автобензин дахь хүхрийн агууламж 10 ppm-ээс хэтрэх ёсгүй байдаг бол хуучин стандартын түлшинд энэ хэмжээ хэд дахин өндөр байдаг талаар Европын Байгаль орчны агентлаг мэдээлжээ. Шатахуун дахь хүхрийн агууламж өндөр байх нь шаталтын явцад хүхрийн давхар исэл (SO₂) зэрэг агаар бохирдуулагч бодисын ялгарлыг нэмэгдүүлдэг. Мөн автомашины яндангийн хорт бодис бууруулах үүрэгтэй катализаторын үйл ажиллагааг сулруулснаар хор ялгаруулалтыг улам өсгөдөг аж. Түүнчлэн Улаанбаатар хотын автомашинуудын 74.19 хувь нь буюу 600 мянга орчим тээврийн хэрэгсэл 10-аас дээш жилийн насжилттай юм. 10-аас дээш жил явсан машин бага хурдтай хөдөлгөөнд оролцоход, түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их ялгардаг байна.

 

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө