“Монгол дахь Бие даан амьдрах төвүүдийн сүлжээг бэхжүүлэх замаар нуугдмал байдалтай байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2026.04.09/ ГБХНХ-ын яаманд боллоо.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж хязгаарлагдмал хэвээр байгаа нь тэднийг тусгаарлагдсан нөхцөлд амьдрах, өөрийн амьдралд шийдвэр гаргах, сонголт хийхэд хүндрэл учруулж байгааг оролцогчид онцолсон юм. Иймээс уг төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн удирддаг иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хэрэгцээнд суурилсан үйлчилгээг хөгжүүлэх замаар бие даан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Бие даан амьдрах төвүүд (Independent Living Centers-ILC) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд тэгш хамруулахад чухал үүрэгтэй ч засаглал, санхүүжилт, бодлогын дэмжлэгийг улам бэхжүүлэх шаардлагатай хэвээр байгаа юм. Одоогийн байдлаар “Бие даан амьдрах эрх”-ийг үндсэн зорилгоо болгосон есөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн чадавхыг сайжруулах хүрээнд хүний эрх, дэмжих үйлчилгээний менежмент, дижитал ур чадварын сургалт зохион байгуулж, удирдлагын чадамжийг нэмэгдүүлэх ажлууд хэрэгжинэ.
Мөн төслийн хүрээнд бие даан амьдрах үйлчилгээний туршилтыг хэрэгжүүлж, 180 гаруй иргэнийг дэмжих үйлчилгээнд хамруулах юм. Цаашлаад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, уг үйлчилгээг нийгмийн үйлчилгээний тогтолцоонд нэвтрүүлэх чиглэлээр гэрээ байгуулан ажиллах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, бие даан амьдрах боломжийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 80 мянга гаруй хүнд хүрэх мэдээлэл, сурталчилгааны кампанит ажил хэрэгжүүлэх юм.