Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, тэр дундаа УИХ-ын даргыг нам бус байх зохицуулалт тусгасан хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дууслаа.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон нэр бүхий 17 гишүүн 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, санаа бодлоо илэрхийлэн, төслийн санаачлагчдаас хариулт авлаа. Гэвч Ардчилсан намын Үндэсний бодлогын хуралдаан давхацсантай холбоотойгоор чуулганы ирц хүрээгүй тул тухайн өдөр хэлэлцсэн дөрвөн хуулийн төслийн санал хураалтыг явуулах боломжгүй болсон байна. Иймд санал хураалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт хийхээр товлосныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдэв.
Өнөөдрийн хуралдаанаар мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцсэн. Чуулганы хуралдаан ийнхүү асуулт, хариултын шатанд үргэлжилж, маргааш /2026.04.10/ чуулганы хуралдаан санал хураалтаар үргэлжилэх юм байна.