Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 17 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 17 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр болж, хуулийн этгээдийн бүртгэл, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг нийт 17 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар даатгалын салбар, ялангуяа тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой өргөдөл, гомдлын нөхцөл байдлыг онцлон хэлэлцсэн байна. Санхүүгийн зохицуулах хороонд ирж буй гомдлын дийлэнхийг энэ төрлийн даатгал эзэлж байгаа бөгөөд зарим компанийн гэрээний нөхцөл ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдгаас үүдэн маргаан үүсдэг гэж үзжээ.

Тодруулбал, Даатгалын тохиолдлыг үгүйсгэх, нөхөн төлбөр олгохоос татгалзах, хохирлын хэмжээг үндэслэлгүй бууруулах, даатгагч талд хэт давуу нөхцөл бүрдүүлсэн гэрээ байгуулах зэрэг нь даатгуулагчдын эрх ашгийг зөрчиж, гомдол маргаан үүсэх гол шалтгаан болж байгааг онцолсон байна. Иймд даатгуулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хууль, журмын зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг хэрэгжүүлж буй талаар танилцуулжээ. Мөн даатгалын нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаа, хэмжээнд, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр олгох нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг ердийн даатгалын бүх компанид үүрэг болгосон байна. Үүнээс гадна нэр бүхий таван даатгалын компанийн төлөөлөн удирдах зөвлөлд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангахыг даалгажээ. Эдгээр арга хэмжээ нь салбарын ил тод, шударга байдлыг нэмэгдүүлж, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтойг онцоллоо. Хуралдаанаар мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг хоёр компанид олгохоор шийдвэрлэж, нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах баримт бичгийг бүртгэв. Харин хоёр компанийн үнэт цаас болон төлөгдөж дууссан өрийн хэрэгслийг бүртгэлээс хасахаар болсон байна. Түүнчлэн нэг компанид банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, хоёр үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг тус тус гаргалаа.