СУРВАЛЖИЛГА: Дөрвөн жилийн өмнө эхэлсэн Гэмтлийн эмнэлгийг “Содон хороолол”-той холбосон замын ажил 2024 онд бүрэн дуусах байсан ч одоог хүртэл дуусаагүй, үргэлжилж байна

СУРВАЛЖИЛГА: Дөрвөн жилийн өмнө эхэлсэн Гэмтлийн эмнэлгийг “Содон хороолол”-той холбосон замын ажил 2024 онд бүрэн дуусах байсан ч одоог хүртэл дуусаагүй, үргэлжилж байна

Улаанбаатар хотын даргаар Д.Сумъяабазар ажиллаж байх үед авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийсэн байдаг. Тэгвэл үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажлыг 2022 оны зургаадугаар сард эхлүүлж 2024 оны зургаадугаар сард бүрэн дуусгана гэж мэдэгдэж байсан ч одоог хүртэл замын ажил бүрэн дуусаагүй байгаа юм.

ВИДЕО:

Тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп”, “Ганбүрд” компаниуд сонгогдож замын ажлыг 2022 онд эхлүүлсэн байдаг. Тухайн үед хотын дарга асан Д.Сумъяабазар “Энэ зам ашиглалтад орвол Нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой. Нэмээд зам дагуух айлуудын газрын үнэ өсөх, нийтийн тээврийн хүртээмж сайжирна. Замаа дагаад худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болно гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байв.

-ЖОЛООЧ: ЗАМЫН ХУЧИЛТЫГ ХУУЛСНААР ШОРООН ЗАМААР ЗОРЧИЖ, ТҮГЖРЭЛ ҮҮСЭЖ БАЙГАА-

Хоёр жилийн өмнө ашиглалтад орох байсан тус замын зорчих хөдөлгөөн нээгдсэн ч Гэмтлийн эмнэлгийн хажуугийн гүүрэн уулзварын ажил одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм. Тус гүүрэн уулзварын ажлыг гүйцэтгэхийн тулд замын зорчих хэсгийн хучилтыг хуулж шороон замаар автомашин зорчиж байгаа. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа талаар нэгэн жолоочоос тодруулахад,

“Энэ замын ажлаас болж түгжрээд байгаа. Ийм байдалтай их удаж байна. Шороон замаар явахад жолооч бидний хувьд хүндрэлтэй, түгжирч байгаагаас гадна авто замын хажуугийн явган хүний замгүй болсноор тэдэнд хүндрэлтэй байгаа анзаарагддаг” гэлээ.

Харин тус замын хажуугаар алхаж буй иргэнээс тодруулахад, “Явган хүний замыг хуулчихсан болохоор авто замаар алхах шаардлагатай болдог. Насанд хүрсэн хүмүүс учраа олоод явлаа гэж бодоход жоохон хүүхдүүд явахад үнэхээр аюултай байна. Ойр орчимд гарц гэж байхгүй учраас хүмүүс гарцгүй газраар зам гарч байга харагддаг. Мөн шороо, тоос маш их бужигнаж байгаа” гэсэн юм.

-ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР 2024 ОНД АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН-

Дашрамд дурдахад, Д.Сумъяабазар Хотын дарга байх хугацаандаа эхлүүлсэн тус замыг 2024 оны долоодугаар сард Хотын дарга Х.Нямбаатар газар доогуурх инженерчлэлийн байгууламжийн асуудлаас шалтгаалан зураг төсөлд өөрчлөлт оруулж байв. Тухайн үед Х.Нямбаатар холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, тус ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдсэн байдаг. Тодруулбал,

  • Авто замын трассын дагуу байгаа цэвэр усны далд шугамыг хонгилын системд оруулахад “ДНТ” ХХК-ний боловсруулсан зураг төслийн дулааны худаг давхцаж байгаа тул нэвтрэх сувагтай уялдуулан зураг төсөлд өөрчлөлт оруулах,
  • Гэрэлтүүлэг, цахилгаан шугам сүлжээг хамгаалах, шилжүүлэх ажлын хүрээнд тус байрлалд хоёр айл өртөж байгаа тул агаарын шугамыг кабель шугам болгон зурагт өөрчлөлт оруулах,
  • Нүхэн гарцын дээрх далангийн бэхэлгээ нурсан тохиолдол гарсан тул далангийн зурагт өөрчлөлт оруулах,
  • Дулааны шугам замын трассыг уялдуулах зэрэг үүрэг өгч байжээ. 

                




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө