Б.Нандин-Эрдэнэ: Гэрэгэ 14 давхрыг дээрэмдэхийн тулд хэрэг захиалсан Л.Оюун-Эрдэнэ айсандаа ял наймаалцдаг тухай ярьж гутамшиг болж байна

Б.Нандин-Эрдэнэ: Гэрэгэ 14 давхрыг дээрэмдэхийн тулд хэрэг захиалсан Л.Оюун-Эрдэнэ айсандаа ял наймаалцдаг тухай ярьж гутамшиг болж байна

"Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, "Херо энтертайнмент групп"-ийн Б.Баатар нар "дээрэмдэж" авсан талаарх мэдээлэл өдгөө олны анхаарлыг татсан хэвээр байгаа билээ.

Тодруулбал, иргэн П.Хишигбаяр нь өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны /2026.03.23/ өдөр цахим сүлжээгээр дамжуулан "2021 оны 11 сард “Гэрэгэ” тауэрын 14 давхрыг манай компани шилжүүлж авч байсан. Улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын эзэмшлийн “Херо” энтертайнмент компанид 1 сая ам.доллароор худалдах гэрээ хийн тус барилгад оруулж байсан. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд ямар ч төлбөр хийлгүй сууж явсан. Тэр хугацаанд нь төлбөр мөнгөө хийхийг олон удаа шаардаж, холбогдох албан бичгийг хүртэл удаа дараа өгч байлаа. Энэ бүхэн баримттай бас гэрчтэй. Жишээлбэл, нэг удаа 2024 онд Баянгол зочид буудлын нэг давхрын фитнес зааланд Б.Баатартай төлбөрийн талаар очиж уулзах үед намайг “ална шүү бацаан минь, аятайхан байгаарай” гэж заналхийлж байсан. Үндсэндээ энэ хүмүүс эрх мэдлээрээ бусдыг айлгаж ирсэн хүмүүс юм байна гэдгийг би ойлгосон.

2025 оны нэгдүгээр сард надад хэрэг тохож, 19 хоног цагдан хориулж, 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан.

Ямар ч мөнгө төлөөгүй. Би тухайн үед энэ бол дээрэм гэдгийг нь хэлэх үед намайг цагдан хоригдож байх үед ичсэндээ 1.5 тэрбум төгрөгийг манай компанийн данс руу хийсэн байсан" хэмээн мэдэгдсэн байдаг. 

Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан бөгөөд өнөөдөр /2026.04.09/ байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ "Б.Энхбаяр П.Хишигбаяртай уулзаад "Хэргийг чинь цэгцэлж өгье. Энэ асуудлыг гаргаж тавиарай" гэсэн юм билээ. П.Хишигбаяр Жинхэнэ эзэддээ би арга буюу ингэлээ гэж хэлсэн. Би ХЗДХ-ийн сайд байсан хүн ял наймаалцсан гэдэг үндэслэлээр АТГ-т нэмж гомдол гаргана гэдгээ сая очихдоо илэрхийлсэн. Хэрэв П.Хишигбаяр гэх хүн “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрын эзэн мөн юм бол мөнгөө төлөөд буцаагаад авч болно. Гэхдээ шүүх дээр явж байгаа хэргээ наймаалцаж болохгүй. Т.Дүүрэн гээд нөхөд бас байгаа. Эрдэнэтийн тендертэй холбоотой асуудал хэзээнийх вэ, энэ асуудал хэзээ гарч ирэв гэдгийг та бүхэн нягтлаад үзээрэй" хэмээжээ. 

-П.ХИШИГБАЯР: БИ "ЭРДЭНЭТ"-ЭЭС БҮҮ ХЭЛ ТӨРӨӨС УУЛ УУРХАЙН НЭГ Ч ТЕНДЕР АВААГҮЙ. ШАЛГААД ҮЗЭЭРЭЙ-

Харин энэхүү мэдээллийг “Гэрэгэ” тауэрын 14 давхрыг Л.Оюун-Эрдэнэ нарт дээрэмдүүлсэн гэгддэг иргэн П.Хишигбаяр болон түүний эхнэр Б.Нандин-Эрдэнэ нар няцаалаа.

Тодруулбал, Иргэн П.Хишигбаяр: 

  1. "Намайг Эрдэнэт үйлдвэрээс 30 сая ам.долларын тендер авсан гэнээ. Би Эрдэнэтээс тендер битгий хэл тэвнэ ч авч үзээгүй. Opendata, Улсын бүртгэлийн бүх юмаар ороод үзээ, миний гүйцэтгэх захирлаар ажилладаг ямар ч компани тендер аваагүй, бүгдийг шалгаад үз...
  2. Л.Оюун-Эрдэнийг бодвол би МУИС, Эдийн засгийн сургуулийг онц дүнтэй төгсөөд Рио тинто / Оюутолгойд эдийн засаг, уул уурхайн математик загварчлалаар энэ ажиллаж эхлээд олон хувийн уул уурхайн компанийн төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байсан. Харин төрөөс уул уурхайн нэг ч тендер авч үзээгүй шүү. Шалгаад үз...
  3. Л.Оюун-Эрдэнэд ял захиалдаг туршлага бол байдаг. Бүгд мэднэ. Дээр нь бас ял наймаалцдаг туршлага байгаа юм байна. Намайг ямар Эрдэнэтийн хэрэг дээр яллаад шүүх дээр аваачсан юм...Надад тийм хэрэг огт байхгүй шүү. Шалгаад үз...
  4. Харин Л.Оюун-Эрдэнэ Гэрэгэ 14 давхрыг дээрэмдэхийн тулд хувийн компанид ТЭЗҮ хийсэн гэж хэрэг тохиож, хонгилдоод 14 давхрыг булаасан Л.Оюун-Эрдэнийн захиалсан хэрэг бол байгаа шүү. 
  5. За харин 14 давхрын өр төлбөрөө бүрэн барагдуулъя гэж байгаан байна, тэгье би сүүлийн таван жил л хөөцөлдөж байна. Хэзээ уулзаж, төлбөрөө / байраа авах уу? Үнэн юутай ч ирж байгаа л юм байна" хэмээжээ. 

-Б.НАНДИН-ЭРДЭНЭ: Л.ОЮУН-ЭРДЭНЭД ҮЙЛЧИЛДЭГ АТГ-ААС АЙЖ БАЙНА-

Мөн П.Хишигбаярын эхнэр Б.Нандин-Эрдэнэ "Оюун-Эрдэнэд няцаалт өгөх нь. Одоо хангалттай шүү, худал хуурмаг, гүтгэлэг, хонгил чинь хэрээс хэтэрлээ. Улсын Ерөнхий сайд байсан хүн ял наймаалцдаг тухай ярьж байх юм гутамшиг. Аан бас худлаагаа нуух гэж нэвтрүүлэг хийлгэсэн, өөрөө ярилцлага өгч байна. Яагаад ингэж их айна вэ. Миний нөхөр таван жил танаас төлбөрөө өгөөчээ гэж гуйсан ш дээ. Таны ах шиг бид худлаа яриагүй, хуурамч бичиг бүрдүүлээгүй. Яагаад энгийн бизнес эрхлэгчид ял захиалж хонгилдоно вэ. Та бол АТГ дээр захиалагч юм билээ биеэрээ мэдэрсэн. Үнэндээ танд үйлчилдэг АТГ-аас айж байна. Одоо яах бол, юу зохиож тохох бол гэхээс айж байна. Гэхдээ аливаад хязгаар байдаг шүү-Та дарга байж болноо, бид энгийн л иргэд байж болно. Тэглээ гээд дуугүй дарамтлуулахгүй шүү" хэмээн няцаалт өгчээ.