Урин дулаан цаг ирж, иргэд, олон нийтийн агаарлаж, зугаалах хүсэл тэмүүлэл оргилж, хүүхэд багачуудад тоглож наадах орон зай нэхэгдэж эхэлсэнтэй зэрэгцэн нийслэл хотын зарим цэцэрлэгт хүрээлэнгийн талаар хөндье.
ВИДЕО:
-ХОТЫН ДАРГЫН УРТ ЦАГААНД ТӨСӨВЛӨСӨН ХӨРӨНГӨӨР 10 ГА ТАЛБАЙТАЙ, ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ХАНГАСАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНТЭЙ БОЛЖ БОЛНО-
Саараас нь биш сайнаас нь эхэлбэл зохилтой санагдана. 2026 оны зун Рио Тинто Монгол компани нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс өөр чөлөөт цагаа хотын төвд, агаар салхинд өнгөрөөж болох газаргүй гэхэд хилсдэхгүй Улаанбаатарчуудад иж бүрэн тохижилттой, 10.2 га талбайтай цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулж өгсөн. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэд суух сандал, сүүдрэвчтэй бөгөөд өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80 хувийг зүлэгжүүлсэн байна. Мөн хоёр ариун цэврийн байгууламж, скейбоардын талбай, нэвтрэх таван орц гарц, тэжээвэр амьтнаа авч ирэх парк гээд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэхэд шаардлагатай бүхэл л зүйлийг барьж байгуулжээ.
Түүнчлэн 10 мянга гаруй иргэний санал хүсэлтийг зураг төсөлдөө тусгасан байна. Тэгвэл Хотын даргын санаачилгаар Урт цагаанд бүтээн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн төсөв 44.1 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл Рио Тинтогийн цэцэрлэгт хүрээлэнтэй ижил төсвөөр бүтсэн гэж хэлж болно. Хотын дарга уг цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд ээлтэй, аюулгүй, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалт болгон хэмээн хэлж байлаа. Гэтэл одоогийн нөхцөл байдлаас харахад түүний хэлж байсан амлалт биеллээ бүрэн дүүрэн олоогүй байна. Уг бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгчээр "Бодь пропертийз" ХХК шалгарч өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан байдаг.
Дэлхийд алдартай 10 га-аас илүү хэмжээний талбайтай цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ихэнх нь Хотын даргын урт цагаанд төсөвлөсөн хөрөнгөтэй ижил өртгөөр боссон байдаг. Дээр дурдсан Рио Тинто Монгол компанийн бүтээн байгуулсан 10.2 га талбай бүхий, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөхөд тааламжтай бүх зүйл нь бүрдсэн цэцэрлэгт хүрээлэнгийн төсөвч 40-50 тэрбум төгрөг гэсэн албан бус мэдээлэл бий.
Гэтэл Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн талбай 1.3 га, дорвитой бүтээн байгуулалт болох зүйлгүй хэр нь гаргасан хөрөнгө нь 44.1 тэрбум төгрөг байгаа нь хэтийдсэн хэрэг гэж иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
-СҮРХИЙ ИХ ХӨРӨНГӨ МӨНГӨ ЗАРСАН ГЭХЭЭР НЬ ХАЧИН ГОЁ ЮМ ХИЙХ БАЙХ ГЭЖ БОДТОЛ ХҮҮХЭД АЮУЛГҮЙ ТОГЛОХ ХЭСЭГХЭН ТОГЛООМЫН ТАЛБАЙ Ч АЛГА-
Иргэд Рио Тинто Монгол компанийн цэцэрлэгт хүрээлэнг ярихдаа “Чөлөөт цагаа өнгөрөөж, салхилах үедээ ирэхэд аюулгүй тайван мэдрэмж өгдөг. Олон улсын стандарт хангасан, ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж чадсан байна. Мөн хүүхдүүд тоглох, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд шаардлагатай зүйлсийг хангалттай шийдсэн жинхэнэ бүтээн байгуулалт болж чаджээ” хэмээн сайшааж байв. Харин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн талаар зарим иргэд “Хэсэг газрыг нь цементээр бүрээд, хэн нэгний эзэмшлийн төлбөртэй зогсоол хийсэн хэр нь 44.1 тэрбум төгрөг зарцуулсан гэх нь хэтийдэж байна. Хүнд хэрэгтэй, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлнэ гээд байсан хаана байна. Сүрхий их хөрөнгө мөнгө зарсан гэхээр нь хачин гоё юм хийх байх гэж бодтол хүүхэд аюулгүй тоглох хэсэгхэн тоглоомын талбай ч байхгүй байна шүү дээ” хэмээн шүүмжилж байлаа.