Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” гэх нэр хаа нэгтээ, хаяа нэг харагддаг ч тус төвийн талаарх мэдээллийг иргэд тэр бүр мэддэггүй гээд хэлэхэд нэг их хилсдэхгүй биз. Харин зарим нь тог, цахилгаантай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг байгууллага гэж ойлгох нь бий. “Диспетчерийн үндэсний төв” нь эрчим хүчний салбарыг технологийн нэгдсэн удирдлагаар хангах үндсэн үүрэгтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж. Тэгвэл тус байгууллагад амьдралынхаа 30 гаруй жилийг зориулж яваа энгийн атлаа, эгэл бус хүнийг бид энэ удаад онцолж, ярилцлаа.
ВИДЕО:
Түүнийг эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв”-ийн Ерөнхий диспетчер Б.Баатар гэдэг. Тэрбээр одоогоос 32 жилийн өмнө буюу 1993 онд тухайн үеийн Техникийн их сургуулийг төгсөөд Төвийн эрчим хүчний системийн Шуурхай ажиллагааны алба буюу диспетчерийн албанд системийн диспетчер инженер гэдэг албан тушаалд анх ажилд орж байжээ. Төвийн эрчим хүчний системийн Шуурхай ажиллагааны алба нь нэлээд өндөр шалгууртай газар байсан ч тэрбээр шалгалт өгч, найман сар дагалдан хийсний эцэст ажилдаа жинхэлж байсан гэдэг. Тухайн үед системийн ачаалал ихдээ 300-400 МВт буюу маш бага байсан бөгөөд ОХУ-аас 40-45 МВт тог авдаг. Харин үүнээс ихийг авбал Оросууд тогоо шууд тасалчихдаг, Дөрөвдүгээр цахилгаан станц дээр өдөр бүр шахуу гэмтэл гарч, ажилчид нь гэртээ ч харих завгүй ажилладаг байсан хүндхэн үе байж. Энэ ч утгаараа тухайн байгууллагад ажилладаг байсан ажилчдын гэр бүл салах тохиолдол хүртэл гардаг байсан байна. Харин энэ бүх албаны болоод ажилчдынх нь амин хувийн асуудал хүндхэн байсан үеэс л Б.Баатар диспетчер тус албанд зүтгэж, энэ хүрчээ.

-ХЭРЭГЛЭГЧДИЙН ЦАХИЛГААНЫ ТАСЛАХГҮЙ ХЭРЭГЛЭЭГ НЬ ДАВАХ УУ ГЭДЭГ НЬ ТЭДНИЙ "ТОЛГОЙНЫ ӨВЧИН"-
Хэдийгээр энэ үеэс ажиллах орчин нөхцөл, сайжирсан ч хэрэглэгчдийн цахилгааныг таслахгүй яаж хэрэглээг нь давах уу, хэрэглэгчдийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах уу, үүний тулд горимоо хэрхэн зөв төлөвлөх үү, төлөвлөсөн горимоо яаж хатуу чанга бариулах уу, аваар саад гарвал яаж хохирол багатай даван туулж устгах уу гэсэн тэдний "толгойны өвчин" өнөөдөр ч хэвээр байгаа аж. Хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэж, станцуудын тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээг бүрэн хийх боломж байдаггүй нь тэдний ажилд нэлээдгүй хүндрэл учруулдаг гэдгийг тэрбээр учирлаж байсан юм.
100 гаруй жил болсон эл салбарт нарийн мэргэжлийн мэргэшсэн хүмүүсээр залгамж халаагаа бэлтгэх нь хамгийн чухал. Гэтэл станцад ажилд орсон албан хаагчид л гэхэд гурван сар ажиллаад ажлаасаа гарах тохиолдол маш их байна. Энэ нь ажилчдын цалин хөлс, ажиллах орчин нөхцөл зэрэгтэй шууд холбоотой. Харин салбартаа чин сэтгэлээсээ хайртай, энэ салбартаа амьдралаа холбосон, хатуу сахилга баттай цөөхөн хэдхэн хүн л зүтгэж байна гэдгийг Б.Баатар диспетчер нуугаагүй юм.

-2028 ОН ГЭХЭД МАНАЙ УЛС ЧАДЛЫН ДУТАГДЛААС ГАРНА-
Манай улс сэргээгдэх эрчим хүч буюу нарны зургаан станц, салхины гурван станц, батарей хуримтлуурын станц болон усан цахилгаан станц импортоор эрчим хүчээ хангадаг байна. Батарей хуримтлуурын станцуудад хуримтлагдсан цахилгааныг орой ачааллын үед буюу 18-20 цагийн хооронд ажиллуулдаг аж.
Урьдчилан батлагдсан горимоор арванхоёрдугаар сарын дунд үед гадна агаар 27-28 градус байхад хэрэглээ 1800 МВт хүрэхэд ямар нэгэн хязгаарлалт, таслалтгүйгээр хэрэглээгээ давна гэж төлөвлөж байгаа юм байна. Харин -39 градусаас илүү хүйтэн болбол Улаанбаатар хотын станцуудын ачаалал дийлэх боломжгүй болно. Тиймээс энэ бүхнийг нарийн тооцож, төлөвлөдөг байна. Гэхдээ станцуудад гэнэтийн гэмтэл, аваар осол гарвал нөхцөл байдал мөн л хүндэрнэ гэдгийг “Диспетчерийн үндэсний төв”-ийн Ерөнхий диспетчер Б.Баатар тодотгож байв.

Тэрбээр “Диспетчерийн үндэсний төв”-ийн Ерөнхий диспетчер хувьд "Чадлын дутагдал гэдэг асуудал байна. Гэхдээ 2028 он гэхэд чадлын дутагдлаас гарна байх гэж итгэж байна. Харин шугам сүлжээний 220 квт-ын хүчдэлийн түвшин манай шаардлагыг хангахгүй байгаа тул дараагийн өндөр түвшний схем рүү зайлшгүй шилжих шаардлагатай байна" гэдгийг ярианыхаа төгсөлд тодотгосон юм.


