Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо

Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Удирдлагын сегментийн 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс НҮБ-ын Статистикийн комисс-ын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо.

НҮБ-ын Статистикийн комисс нь дэлхийн хэмжээнд албан ёсны статистикийн салбарын хамгийн дээд түвшний шийдвэр гаргах байгууллага бөгөөд гишүүн орнуудын статистикийн тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандарт, ангилал, аргачлал батлах, хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улс тус комиссын гишүүнээр сонгогдсоноор олон улсын статистикийн бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцох, шинэ стандарт, аргачлал боловсруулахад хувь нэмэр оруулах, үндэсний статистикийн системийн хөгжлийг олон улсын түвшинд уялдуулах боломж нэмэгдэж байна. Мөн туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Тогтвортой Хөгжлийн Зорилгууд-ын хэрэгжилтийг хэмжих, тоон мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах, өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, хиймэл оюун ухаан болон уламжлалт бус мэдээллийн эх үүсвэрийг ашиглах чиглэлд бодит хувь нэмэр оруулахыг зорьж буйг Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.