Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг “Хөдөлмөр” зусланд эмчилж байна

Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг “Хөдөлмөр” зусланд эмчилж байна

Баянзүрх дүүргийн хэмжээнд хоол, тэжээлийн дутагдалтай байгаа хүүхдүүдийг эмчлэн, эрүүлжүүлэх үйл ажиллагааг дүүргийн харьяа "Хөдөлмөр" зусланд явуулж байна.

Хүүхдүүдээ анх ирэхэд өсөлт, хөгжлийн үнэлгээг хийж, дараа нь нар, агаар, элсний чийрэгжүүлэлт, цэгэн бариа, хар цай, ясны шөл, шар сүүнд оруулах зэрэг уламжлалт эмчилгээг хийдэг аж. Мөн шаардлагатай витамин, амин дэм өгч байгаа юм. Одоогоор хоёр дахь ээлжийн зорилтот бүлгийн 46 хүүхдийг хүлээн авч, эмчилгээнд хамруулж байна.

“Хөдөлмөр” зуслан нь монгол ахуй, соёл, уламжлалтай хүүхдүүдийг танилцуулж, зуны амралтаа өнгөрөөх хэлбэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм байна. 2023 онд Эрүүл мэндийн яам, НҮБ-тай хамтран хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийн судалгааг гаргасан. Баянзүрх дүүргийн хэмжээнд 103 хүүхэд хоол, тэжээлийн дутагдалтай байгаа бөгөөд уламжлалт эмчилгээнд хамруулах ажлыг 9 дүүргийн хэмжээнд анх удаа санаачлан зохион байгуулж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.