СУРВАЛЖИЛГА: "Жолооны үнэмлэхээ 6 минутанд хэвлэж авдаг" туршилтын киоск машинаар өдөрт 30-40 иргэн үйлчлүүлж байна

СУРВАЛЖИЛГА: "Жолооны үнэмлэхээ 6 минутанд хэвлэж авдаг" туршилтын киоск машинаар өдөрт 30-40 иргэн үйлчлүүлж байна

Өнгөрсөн зургаадугаар сарын эхээр ЦЕГ-аас автомашины жолоодох эрхийн үнэмлэхийг хэвлэн гаргадаг, киоск машин байрлууж эхэлсэн. Одоогийн байдлаар “Драгон” авто тээврийн төв болон БЗД-ийн “Тэнгэр плаза”-н хоёр давхарт тус бүр нэг нэг туршилтын киоскыг байрлуулаад байгаа юм.

Тус киоск машиныг “New campus” гэх компани франц улсаас оруулж ирэн ЦЕГ-тай хамтран иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байгаа аж. Тодруулбал, иргэд "И-Монголиа"-аар жолооны үнэмлэхээ захиалаад 14-21 хоног хүлээдэг байсан бол одоо 6 минутыг дотор хурдан шуурхай, газар дээр нь хэвлэж гаргадаг киоск машин үйлчилгээнд нэвтэрчээ. Бид энэ талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналт мэдээллийн төвийн бүртгэгч, оператор, цагдаагийн ахлагч Д.Цэцэгсүрэнгээс тодрууллаа.

ВИДЕО: 

-КИОСК МАШИНААР ҮЙЛЧЛҮҮЛЭХДЭЭ ИРГЭД ЗААВАЛ ТОРГУУЛИА ТӨЛСӨН БАЙХ ШААРДЛАГАТАЙ-

-Киоск машины туршилтын ажил хэзээнээс эхлэсэн бэ?

-Зургаадугаар сарын эхээр монголд анх удаа өөртөө үйлчлэх жолооны үнэмлэх хэвлэгч машин маань хоёр цэгт байршсан. Ингэснээр иргэдэд илүү хүртээмжтэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн. Энэхүү киоск машин маань жолооны үнэмлэхний хүчинтэй хугацаа сунгах, хаяж гээгдүүлсэн тохиолдолд нөхөн авах гэсэн хоёр үйлчилгээг үзүүлж байна.

-Энэ хугацаанд иргэд хэр их үйлчлүүлж байна?

-Суурилуулж эхэлсэнээс хойш өдөрт 3-4 иргэн үйлчлүүлж байсан бол одоо иргэд мэдээлэлтэй болж өдөрт 30-40 иргэн үйлчлүүлж байна гэсэн тоо баримт байна.

 -Иргэд киоск машинаар үйлчлүүлэхдээ юунд анхаарах вэ?

-Юуны түрүүнд торгуулиа бүрэн төлсөн байх ёстой, мөн цахим иргэний үнэмлэх, е-mongolia аппликейшнд бүртгүүлсэн утасны дугаартайгаа ирэх ёстой. Зарим иргэд торгуулиа төлөөгүйн улмаас үнэмлэхээ хэвлүүлж авч чадахгүй тохиолдлууд гарсан.

-Үнэ тариффын хувьд ямар байгаа вэ?

-Жолоодох эрхийн үнэмлэхний үнэ 12,500 төгрөг байдаг. ХУР системээр мэдээлэл дамжуулж байгаа учраас түүний хураамж нэмэгдээд 20,000 гаруй төгрөг болж байгаа.

-Бүх мэдээлэл цахимд шилжиж байгаа энэ үед заавал хэвлэмэл жолооны үнэмлэх авах хэрэгтэй юу гэх асуулт иргэдийн дунд их байна. Жолооны үнэмлэхээ хэвлүүлж авах ямар шаардлага байна, ач холбогдол нь юу вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ биедээ авч явна гэж заасан байдаг. Мөн Венийн конвенцид нэгдэн орсон улсууд болон түүнд хамаарагдах хуулийн дагуу иргэд жолооны үнэмлэхээ солин ашиглах боломжтой байдаг. Тэгэхээр энэхүү үнэмлэхээ зөвхөн өөрийн улсдаа ашиглахаас гадна гадаадад зохих дүрэм, журмын дагуу ашиглаж болох учраас хэвлэмэл үнэмлэх заавал байх ёстой.

-ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРСНЭЭР ИРГЭД ТҮРГЭН ШУУРХАЙ ХУГАЦААНД АСУУДЛАА ШИЙДЭЖ, СЭТГЭГДЭЛ ӨНДӨР БАЙГАА АЖ-

Мөн тухайн киоск машиныг санаачлан оруулж ирсэн “New campus” компанийн ажилтан И.Сод-Эрдэнэ “Хүмүүс торгуулиа төлөхгүй ирснээр үйлчилгээгээ авч чадахгүй их буцаж байна. Мөн заавал өөрийн нэр дээрх банкны картаараа үйлчлүүлэх ёстой. Түүнээс биш иргэд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа харагдаж байна” гэв.

Туршилтын хугацаанд иргэд цаашдаа илүү их үйлчлүүлэх хандлагатай байвал тухайн киоск машины тоог нэмэгдүүлж, иргэдэд илүү хүртээмжтэй болгохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байлаа.