ОЛОН УЛСЫН АЖИГЛАГЧИД: Сонгуулийн зохион байгуулалт сайн болсон ч тэгш өрсөлдөх боломж хомс байсан нь өрсөлдөөнд сөрөг нөлөөллөө

ОЛОН УЛСЫН АЖИГЛАГЧИД: Сонгуулийн зохион байгуулалт сайн болсон ч тэгш өрсөлдөх боломж хомс байсан нь өрсөлдөөнд сөрөг нөлөөллөө

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ажиглагч хийсэн ЕАБХАБ-ын Ардчилсан институци, хүний эрхийн хороо (АИХЭХ) болон Европын Парламент (ЕП)-ын хамтарсан ажиглалтын баг тайлангаа гаргажээ. Уг тайланг орчуулан хүргэж байна.

Энэ сарын 28-ны өдөр болсон УИХ-ын сонгууль сайн зохион байгуулалттай болсон ч тэгш өрсөлдөх боломж хомс байсан нь өрсөлдөөнд сөрөг нөлөөлөв. Ардчилсан сонгууль явуулахад эрх зүйн хангалттай орчин байсан ч цаашид хүний үндсэн эрх, эрх чөлөөг олон улсын стандартад илүү нийцүүлэх шаардлагатай байна. Сонгуулийн байгууллага сонгогчдын боловсролын иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжлийн ажилласан. Улс төрийн хүчнүүд нийгмийн сүлжээнд болон бусад хэд хэдэн хязгаарлалтаас үл хамааран чөлөөтэй сурталчилгаа явуулж чадсан ч сонгуулийн албан ёсны сурталчилгааны хугацаа богино байсан нь тогтсон, томоохон намуудад давуу тал боллоо.

Түүнчлэн сонгууль угтаж цалин нэмэх гэх мэт нийгмийн халамжийн хэд хэдэн хөтөлбөр нь эрх баригч намд давуу байдлыг бий болгов.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өргөн цар хүрээнд ажилласан ч мэдээ сурвалжилга, дүн шинжилгээ бүхий мэдээний хөтөлбөрийн хязгаарлагдмал байдал, эрх баригч намыг илүү дэмжсэн байр суурь нь мэдээлэлд суурилан сонголтыг хийх чадварт сөрөг нөлөөллөө. Сонгуулийн өдөр санал хураах үйл явц эмх цэгцтэй, саадгүй болж, санал тоолох автоматжуулсан тооллогыг ил тод, шуурхай мэдээлсэн боловч хэд хэдэн хэсгийн хороонд саналын хуудас нэгтгэх, саналыг баталгаажуулах үйл явцын журмыг бүрэн дагаагүй нь санал тоолох үйл явцад сөрөг нөлөө үзүүллээ.

Хууль, эрх зүйн орчин нь ардчилсан сонгууль явуулахад хангалттай бүрдсэн хэдий ч үндсэн эрх, эрх чөлөөг эдлүүлэхтэй холбоотой орчныг цаашид сайжруулах шаардлагатай байна. Сонгуулийн тогтолцоог өөрчилсөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдээс гадна 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдээр сонгууль товлон зарласнаас хойш байгуулагдсан намуудад нэр дэвшүүлэх боломжийг олгосон, нэр дэвшигчдийн хүйсийн квотыг өсгөсөн, улс төрийн намуудын удирдах байгууллагуудад хүйсийн болон нийгмийн олон бүлгийн төлөөллийг оролцуулах шаардлага тавьж байгаа зэрэг эерэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Гэхдээ АИХЭГ-аас удаа дараа өгсөн сонгох, сонгогдох эрх болон үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, сонгуулийн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх хугацаатай холбоотой зөвлөмжүүд орхигдсон хэвээр байна.

Үндсэн хуульд жендэрийн тэгш байдлыг баталгаажуулсан ч улс төрд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй, жендэрийн хэвшмэл ойлголт, хязгаарлагдмал нөөц зэрэг саад байсаар байна. Анхан шатны сонгуулийн хороонд эмэгтэйчүүд хангалттай төлөөлөгдсөн хэдий ч, АНСХ-ны түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага төдийгүй СЕХ-ны ердөө нэг гишүүн нь л эмэгтэй байна. Сонгуульд бүртгэгдсэн 1336 нэр дэвшигчийн 519 нь эмэгтэйчүүд байсан юм. Хэдийгээр тэд улс даяар идэвхтэй сурталчилгаа хийсэн боловч эмэгтэйчүүдэд чиглэсэн улс төрийн мессеж бараг л байсангүй.

Сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингоос харахад МҮОНТ болон хувийн хэвшлийн хэд хэдэн телевиз эрх баригч намыг илт давуу мэдээлж байлаа. Үндсэн хуульд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан боловч худал мэдээ тараахтай холбоотой хуулийн заалтыг 2020 онд дахин сэргээснээс хэд хэдэн сэтгүүлч эрүүгийн хэрэгт шалгагдаж байна. Эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилт эрэн сурвалжлах сэтгүүл зүйг боомилсноос, сэтгүүл зүй өөрийгөө цензурдэхэд хүрч, нийтийн хэлэлцүүлэг өрнөхөд сөрөг нөлөө үзүүлж байна.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зургаадугаар сарын 10-ны өдөр буюу сонгуулийн өдрөөс 18 хоногийн өмнө эхэлж, сонгуулиас 24 цагийн өмнө дууссан. Ерөнхийдөө маш богино сурталчилгааны хугацаанд, сонгуулийн томсгосон тойргуудад кампанит ажил явуулахад томоохон улс төрийн намуудад ихээхэн давуу талтай байсан.

Кампанит ажил ерөнхийдөө нам гүм өрнөсөн ч зургаадугаар сарын 15-ны өдөр МАН-ын нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаярын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан иргэн Ардчилсан намын сумын намын хорооны даргын амь насанд халдсан харамсалтай хэрэг гарлаа. Ардчилсан нам тус аллагыг улс төрийн сэдэлтэй хэмээн буруутгаж, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд нарыг огцрохыг шаардсан. Үйл явдлын дараа Ерөнхий сайд Ардчилсан намын даргатай уулзаж эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн зургаадугаар сарын 25-ны өдөр Үндэсний эвслийн төв байранд хууль бус сурталчилгааны ажил явагдаж байна гэх гомдлын дагуу цагдаагийн байгууллага нэгжлэг хийв.

Сонгууль болохоос өмнө засгийн газар цалин нэмэх, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, нэг удаагийн ногдол ашиг олгох зэрэг хөтөлбөр хэрэгжүүлснийг төрийн албан хаагчид сурталчилж, МАН-ын кампанит ажилд ашиглагдаж байсан юм. Эдгээр үйлдэл нь нам, төрийн заагийг бүдгэрүүлж, эрх баригч намд хэт давуу тал олгож буй нь ЕАБХАБ-ын үүрэг амлалттай зөрчилдөж байна. Монгол Улс хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон талт мэдээллээр хангагдаж сонгуулийн тухай мэдээлэл өргөн хүрээтэй байсан ч гүн гүнзгий мэдээ сурвалжлага, аналитик мэдээлэл дутмаг байгаагаас сонгогчдын сонголт хийх чадвар суларсан хэмээн тус тайланд тусгажээ.

Дэлгэрэнгүй тайланг ЭНД ДАРЖ  харна уу