ХЭРГИЙН МӨРӨӨР: 14-р цэцэрлэгт шинэ байр барьж өгнө гэж газрыг нь чөлөөлүүлсэн “O&N” ХХК тус газар 16 давхар “Gem castle” худалдааны төвийг барьжээ

ХЭРГИЙН МӨРӨӨР: 14-р цэцэрлэгт шинэ байр барьж өгнө гэж газрыг нь чөлөөлүүлсэн “O&N” ХХК тус газар 16 давхар “Gem castle” худалдааны төвийг барьжээ

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзвар орчимд сүндэрлэх “Gem Castle” үйлчилгээний төв өнөөдөр хотын өнгө үзэмжийн нэг хэсэг болж харагдана. Гэвч энэ барилгын суурь дээр нэгэн үе нийслэлийн 14 дүгээр цэцэрлэг байрлаж, хүүхдийн инээд цангинаж байсныг олон нийт тэр бүр санахгүй.

ВИДЕО:

Тухайн байршилд өмнө нь таван давхар орон сууц, цэцэрлэгийн зориулалттай барилга байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болсон, мөн хотын төлөвлөлтөд орсон гэх шалтгаанаар нураах шийдвэр гарсан байна. Үүний дараа улсын цэцэрлэгийн газрыг чөлөөлж, оронд нь шинэ цэцэрлэг барьж өгнө гэсэн ойлголт, амлалт оршин суугчдын дунд бий болжээ. Улмаар улсын цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, оронд нь шинэ цэцэрлэг барьж өгөх амлалтыг “O&BN” компани   тус цэцэрлэг, оршин суугчдад аман гэрээ хийжээ. Улмаар 2020 оноос төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Анхны төлөвлөлтөөр 100–125 хүүхдийн багтаамжтай, хоёр давхар цэцэрлэг баригдах ёстой байсан ч өнөөдөр тухайн газарт 16 давхар орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилга сүндэрлэж, төсөл анхны зорилгоосоо бүрэн хазайжээ.

Энэ асуудлын талаар 14 дүгээр сургуулийн захирал асан Г.Энхболдоос тодруулахад " Тус барилгад оршин суугчид амьдрах боломжгүй байхаас гадна цэцэрлэг үйл ажиллагаа явуулахад хүнд нөцөлд орсон байсан. Ингээд цэцэрлэгийг цэцэрлэгээр нь барьж өгнө өө гэх амлалт өгч, газраа өгсөн. Харин манай цэцэрлэгийн хүүхдүүд өдгөө тус худалдааны төвийн дунд байх 2014 оны өргөтгөлийн байрандаа байна. Анхны гэрээ байгуулсан компанитайгаа гэрээний нөхцөлөө хүлээсээр байгаа. Би анхны зарчим дээрээ байгаа. Уг асуудал цагдааигийн байгууллагат бүртгэлтэй, холбогдох материалаа өгсөн байгаа. Анхны гэрээг O&BN компанитай байгуулсан" гэсэн юм.

Албаны мэдээллээр 2020 онд эхэлсэн уг төсөл нь цэцэрлэгийн зориулалттай барилга барих зорилготой байсан бөгөөд холбогдох зөвшөөрлүүдийг авчээ. Гэвч хэрэгжилтийн явцад төслийн зориулалт өөрчлөгдөж, 2025 онд улсын комиссын шалгалтаар 16 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга баригдсан нь тогтоогдсон байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ноцтой зөрчил байж болзошгүй нөхцөл тогтоогдож байгааг албан эх сурвалж мэдээлжээ.

“Тухайн аж ахуйн нэгж нь төрийн албан тушаалтанд нөлөөлөх замаар барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулж, дахин магадлал хийлгэн, цэцэрлэгийн зориулалтыг хасуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна” гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Мөн хууль бусаар олсон байж болзошгүй орлогыг үл хөдлөх хөрөнгө болгон эргэлтэд оруулсан эсэхийг шалгаж байгаа аж.

Энэ хэргийн гол хохирогч нь цэцэрлэгт хамрагдах ёстой байсан хүүхдүүд болон тэдний гэр бүл болж байна. Хотын төв хэсэгт цэцэрлэгийн хүрэлцээ аль хэдийн хомс байхад зориулалтын газар дээр орон сууцны барилга баригдсан нь нийгмийн бухимдлыг дагуулж байна. Олон жил үргэлжилсэн “шинэ цэцэрлэг баригдана” гэсэн хүлээлт ийнхүү биелээгүй үлдэж, түр байрны шийдэл өнөөг хүртэл сунжирсаар байна.

Тус хэрэгт  Эрүүгийн хуулийн 17.4 18.6 заалтаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тодруулбал,

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл. Итгэмжлэн даалгасан эд хөрөнгө завших 

  • Итгэмжлэн хариуцуулсан, хадгалуулсан, эсхүл захиран зарцуулах эрх олгосон бусдын эд хөрөнгийг өөртөө болон бусдад хууль бусаар завшсан, үрэгдүүлсэн бол гэмт хэрэгт тооцно.

Харин Эрүүгийн хуулийн 18.6-р зүйлд  "Мөнгө угаах" гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого болохыг мэдсээр байж түүнийг:

  • хууль ёсны мэт харагдуулах,
  • гарал үүслийг нуун далдлах,
  • шилжүүлэх, хувиргах, хөрвүүлэх,
  • эсхүл бусад хэлбэрээр ашиглах зорилгоор санхүүгийн гүйлгээ хийх, эдийн засгийн эргэлтэд оруулсан бол гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг юм.



Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө