Цэргийн алба хаагч мотоциклоос унаж, бэртсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд тэрбээр "албаа үргэлжлүүлэн хааж, он жавуудтайгаа хамт халагдана" гэжээ

Цэргийн алба хаагч мотоциклоос унаж, бэртсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд тэрбээр "албаа үргэлжлүүлэн хааж, он жавуудтайгаа хамт халагдана" гэжээ

Өмнөговь аймгийн дугаар цэргийн ангийн малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч С нь гуравдугаар сарын 25-ны /2026.03.25/ өдөр мотоциклтой яваад сураггүй алга болсон байдаг.

Улмаар Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, нутгийн иргэд, ар гэрийнхнийх нь бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, сураггүй алга болсноос хойш тав дахь  /2026.03.29/ өдөр нь малын сууринаас зүүн тийш 50 гаруй км зайд, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Хар заг” багийн нутгаас эсэн мэнд олсон байдаг. Цэргийн алба хаагч өдгөө Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Албан бус эх суралжийн мэдээлж буйгаар цэргийн алба хаагчийн биеийн байдал тогтворжсон ч сэтгэл санааны тогтворгүй байдал нь хэвийн хэмжээндээ очоогүй байгаа тул сэтгэл заслын зэрэг эмчилгээ үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байгаа аж.

Цэргийн алба хаагчийн ар гэрийнийнх нь хүүгээ хотод эмнэлэгт хэвтүүлээд биеийн байдал нь тогтворжсон тул "Хил хамгаалах ерөнхий газар, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд хүүгээ даатгаад" нутаг буцсан гэх мэдээлэл байна. 

-МОТОЦИКЛИЙНХ НЬ ӨМНӨ ГЭРЛИЙН ШИЛ ХАГАРСАН БАЙЖЭЭ-

Харин цэргийн алба хаагч сураггүй алга болж, улмаар тав хоногийн дараа эсэн мэнд олдсон ч уг асуудлыг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар цэргийн алба хаагчийг анх олсон газрын хэргийн газрын үзлэгээр цэрэг мотоциклоосоо унаж, бэртсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон аж.

Тодруулбал, цэрэг олдсон газарт мотоциклийн өмнө гэрлийн шил хагарсан, цэргийн алба хаагчийн нүүр зулгарсан шарх үүссэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөн уг асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллагаас холбогдох албан тушаалтнууд болоод цэргийн алба хаагчаас тайлбар мэдүүлэг авчээ. Ингэхэд цэргийн алба хаагч "Албаа үргэлжлүүлэн хааж, он жавуудтайгаа хамт халагдана" гэдгээ хэлсэн байна. Мөн Хил хамгаалах байгууллагын удирдлагууддаа ч үүнийгээ уламжилжээ. 

Харин түүний энэхүү хүсэлтийг эрүүл мэндийн байгууллага эцэслэн шийдвэрлэх аж. Тодотговол цэргийн алба хаагчийн биеийн болон сэтгэл санааны байдал зэрэгт нарийн дүгнэлт хийж, түүнийг үргэлжлүүлэн цэргийн алба хаах боломжтой эсэхийг эцэслэх юм байна. 

-ЦЭРЭГ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН АСУУДЛААР ХИЛ ХАМГАЛАХ БЙГУУЛЛАГААС ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ-

Нөгөөтээгүүр цэргийн алба хаагч сураггүй алга болж, тав хоногийн дараа олдсон уг асуудлаар Хил хамгаалах ерөнхий газраас Өмнөговь аймгийн дугаар цэргийн ангид дотоод хяналт шалгалт хийж байгаа гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дотоод хяналт шалгалтаар "цэргийн алба хаагч яагаад сураггүй алга болсон, эрлийн ажиллагааг нуун дарагдуулсан эсэх, цэргийн алба хаагчдад ямар нэгэн дарамт шахалт байсан эсэх зэрэг асуудлыг нарийн шалгаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор зарим албан тушаалтнуудад ч хариуцлагын асуудал яригдана гэдгийг эх сурвалж хэлж байв. 

Ямартай ч хугацаат цэргийн алба хаагч сураггүй алга болсон дээрх асуудлыг хууль хяналтын байгууллага болон Хил хамгаалах ерөнхий газар зэрэг холбогдох бүхий л мэргэжлийн байгууллагуудаас шалгаж, асуудлыг учгийг тайлахаар ажиллаж байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө