СУРВАЛЖИЛГА: Сурроныг “А” ангиллын үнэмлэхтэй хүн унах дүрэм мөрдөгдөж эхэлсэн ч насан хүрээгүй иргэд суррон унаж, замын хөдөлгөөнд оролцсоор байна

СУРВАЛЖИЛГА: Сурроныг “А” ангиллын үнэмлэхтэй хүн унах дүрэм мөрдөгдөж эхэлсэн ч насан хүрээгүй иргэд суррон унаж, замын хөдөлгөөнд оролцсоор байна

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг өчигдрөөс /2026.04.10/ эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ. Тэгвэл бид энэ удаа замын хөдөлгөөнд оролцож буй суррон, скүүтер унаж яваа иргэдэд сэрэмжлүүлгэ болгох үүднээс энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО:

Энэхүү зохицуулалтын хүрээнд скүүтер, мопедын хэрэглээг зөв зохистой болгох, замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон болсон. Тухайлбал,

  • Скүүтер, мопед түрээслүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, Нийслэлийн тээврийн бодлогын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулах
  • Тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг хангуулах, хяналтыг сайжруулах
  • Скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх
  • Унадаг дугуйн зам, эгнээ, зогсоол болон зорчих хэсгийн хөвөөг нэмэгдүүлэх
  • 16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй байх
  • Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх
  • Иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Уг арга хэмжээ нь явган зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой хэмээн Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлсэн юм.

Суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуйтай иргэд маргаашаас хөдөлгөөнд оролцож эхэлнэ

-2025 ОНД СУРРОНЫ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ 161 ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРЧ 21 ХҮҮХЭД ХӨНГӨН, ДОЛООН ХҮҮХЭД ХҮНДЭВТЭР, ДӨРВӨН ХҮҮХЭД ХҮНД ХОХИРОЛ УЧИРСАН-

Өчигдрөөс эхлэн суррон, скүүтер замын хөдөлгөөнд оролцох болсон талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын ахлах дэслэгч Б.Гантулга “Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан хоёр болон гурван дугуйтай тээврийн хэрэгсэл өчигдрөөс замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Өмнө жил суррон, скүүтер зэргийг явган хүний замаар зорчихыг зөвшөөрдөг байсан бол энэ жилээс эхэлж явган хүний аюулгүй байдлыг хангахын тул үүнийг хориглосон. Хэрэв та хувийн болон түрээсийн суррон, скүүтертэй хөдөлгөөнд оролцож байгаа бол дугуйн замаар эсвэл тухайн бүс нутаг дугуйн зам байхгүй бол автозамын нэгдүгээр эгнээний баруун гар талын захаар хөдөлгөөнд оролцох ёстой. Мөн цагт 50 километрээс дээш зайг туулах чадвартай сурроныг мотоциклын ангилалд хамааруулсан тул заавал А ангиллын үнэмлэх хэрэгтэй болсон.

Насанд хүрээгүй хүүхдэд аав ээж, асран хамгаалагч нар нь эрхлүүлэхийн тулд суррон авч өгөн хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулдаг.

Тийм учраас та бүхнийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон авч өгөхгүй байхыг уриалмаар байна. Хэрэв та хүүхдTдээ суррон авч өгөөд хөдөлгөөнд оролцох юм бол тухайн хүүхдийн асран хамгаалагчийг нь 400 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай болсон” гэсэн юм.

No description available.

Тээврийн прокурорын газраас хийсэн судалгаагаар 2025 оны байдлаар улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас, 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна.

Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, 7 хүүхдэд хүндэвтэр, 4 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, насны байдлаар нь авч үзвэл  17 настай 16, 16 настай 7, 15 настай 5, 15-аас доош насны 4 хүүхэд байна.

No description available.

-ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАРТАЙ ХАМТАРЧ СУРРОН УНАСАН ЗОРЧИГЧИД ШАЛГАЛТ ХИЙХЭД НАСАНД ХҮРЭЭГҮЙ, “А” АНГИЛЛЫН ҮНЭМЛЭХГҮЙ ХҮҮХЭД БАЙВ-

Манай сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагч нартай хамтарч хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс Сүхбаатарын талбайн баруун талын замын хойноос урагш чиглэлд зарим мопид, суррон, скүүтер унаж яваа иргэдэд хяналтын ажиллагаа явууллаа. Тухайн үед суррон дээр сундлан суусан, жолоо барьсан хүн нь хамгаалалтын малгайгүй хоёр зорчигчийг цагдаагийн алба хаагчид зогсоон шалгав. Суррон унаж явсан хүүгээс цагдаагийн алба хаагч тодруулахад, “Би 16 настай ЕБС-ийн сурагч. Миний сурроныг аав маань авч өгсөн. Найзтайгаа Сүхбаатарын талбай орох гээд явж байна” гэв. Цагдаагийн алба хаагчид түүнийг тээврийн хэрэгслээс нь буулган асран хамгаалагчийг нь дуудаж, тухайн хоёр сурагчийг хүлээлгэн өгсөн юм.  

Тухайн хоёр сурагчийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсний дараа мопед унасан зорчигчийг зогсоон шалгахад улсын дугааргүй замын хөдөлгөөн оролцож байв.

Замын хөдөлгөөний дүрэмд 50сс мотороос илүү хүчин чадалтай мопидод улсын дугаар авч, хөдөлгөөн оролцоно хэмээн заасан байдаг ч тухайн зогсоосон мопед 125сс моторын хүчин чадалтай байсан ч улсын дугааргүй байсан юм.

Мөн суррон, скүүтерийг дугуйн замгүй газар автозамын нэгдүгээр эгнээгээр унах болсонтой холбоотойгоор жолооч нараас байр суурийг нь тодруулахад, “Суррон, скүүтер ямар дуу чимээгүй учраас маш аюултай байдаг. Дүүгүй учир гэнэт хажуугаас гарч ирээд осол гаргах өндөр эрсдэлтэй болдог” гэдгийг тодотгосон юм.

No description available.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө