Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөсөн хэмжээнээс 10-20 хувиар бага гэх судалгаа бий. Иймд Монгол улсын Засгийн газраас “Өдөр бүр нэг аяга сүү” зорилтот арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн төрөөс түүхий сүүний нэг литр тутам 1000 төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн байдаг.
ВИДЕО:
Манай улс өнгөрсөн жил 57.6 сая толгой мал тоолуулсан бөгөөд 5.1 сая нь үхэр. Угтаа бол, 3.5 сая хүн амтай манай улсын хүн амын хувьд 5.1 сая үхэр гэдэг бол тийм ч бага тоо биш. Гэтэл уламжлалт мал аж ахуйн онцлогоос шалтгаалж манай улс зөвхөн зуны улиралд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ хангаж чаддаг.
Ингээд жил тутам нийт сүү, сүүн бүтээгдэхүүний 50 орчим хувийг импортын хуурай сүүгээр хангадаг байна. Тухайлбал, манай улс 2022 онд 4289 тонн, 2023 онд 3444 тонн, 2024 онд 4407 тонн хуурай сүү импортолсон дүн бий. Хүн амынхаа сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хангахын тулд цаашид 30 мянга гаруй сүүний чиглэлийн үнээ хэрэгтэй гэсэн судалгааг ХХААХҮЯ гаргажээ.
Учир нь жилээс жилд нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын давтамж, бэлчээрийн талхагдал зэргээс шалтгаалж эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй байгааг салбарынхан онцолж буй. Тэгвэл эрчимжсэн мал аж ахуй тэр дундаа сүү махны чиглэлийн “Монтбельярд” үүлдрийн үнээ тэжээж, өдөрт хамгийн багадаа нэг тонн сүү цэвэр сүү зах зээлд нийлүүлдэг Г.Отгонбаатарын гэр бүлтэй эрчимжсэн мал аж ахуйн онцлог болоод бусад зүйлсийг ярилцлаа.
-ФЕРМҮҮД ӨВӨЛ ХОТЫН ИРГЭДИЙГ ЦЭВЭР СҮҮГЭЭР ТАСРАЛТГҮЙ ХАНГАХ ЗОРИЛГОТОЙ АЖИЛЛАДАГ-
-Танай гэр бүл хэдэн онд фермтэй болох шийдвэрийг гаргасан бэ. Мал аж ахуй эрхэлж байсан туршлага бий юу?
-Манай нөхөр бид хоёр БНСУ-д анх танилцсан хүмүүс. 2005, 2006 онд дараалаад БНСУ-ыг зорьж байсан. Манай нөхрийн хувьд төмөр замын машинист мэргэжилтэй. Харин миний хувьд БНСУ-д бакалаврын зэргээ Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр сурч, төгссөн. Улмаар тус улсад 15 жил амьдарсан. Ингээд 2020 онд эх орондоо ирж амьдрахаар шийдсэн. Ингээд хүмүүсийн тэр бүр ороод байдаггүй салбарт судалж байгаад орсон доо. Манай нөхөр бид хоёрын хувьд мал аж ахуй эрхэлж байсан туршлагагүй. Тийм ч учир эхний ээлжид Франц улсаас мах, сүүний чиглэлийн “Монтбельярд” үүлдрийн 15 үнээ аваад эхэлж байсан. Нэг жил өнгөрөхөд багагүй туршлага хуримтлуулчихна гэж найдсан хэрэг.
-Эх орондоо ирээд хийж болох олон зүйл байсан биз. Яагаад заавал энэ салбарыг сонгохоор шийдсэн бэ?
-Монгол улс зунжингаа цэвэр сүү, цагаан идээтэй байж байгаад намар болохоор үнээнүүд нь ширгэчихдэг. Ингээд л цэвэр сүүний хомсдол үүсэж эхэлдэг. Угтаа бол өвлийн улиралд манай улсын иргэд жинхэнэ сүүгээ хөөрүүлээд хүүхдийнхээ дархлааг дэмжээд байж байвал зохистой байдаг. Манай улсад өнөөдрийн байдлаар 5 мянга орчим фермер үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн тоо байдаг. Гэтэл фермерүүдийнх нь хүртэл 60 хувь нь өвөл эхлэхтэй зэрэгцэн үнээний сүү нь ширгэчихдэг. Ингээд Монгол улс сүүний хомсдолд орчхож байгаа юм. Манай улсын хуурай сүүний импорт өндөр шүү дээ. Тэгээд манай нөхөр бид хоёр 2018, 2019 он гээд хоёр жил судалж байгаад энэ салбарт орсон. Нэг талдаа хүүхдүүдээ цэвэр агаарт, эрүүл орчинд өсгөх нөгөө талдаа өрсөлдөгч багатай салбарт орохоор шийдсэн хэрэг. Сүү, цагаан идээ, хоол хүнс гэдэг чинь хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ шүү дээ.
-15 үнээтэй эхэлж байсан бизнес тань өнгөрсөн таван жилд хэр их өргөжсөн байна вэ?
-Өдгөө нийт 75 гаруй үхэртэй болсон байна. Яг өнөөдрийн байдлаар 35 үнээ сааж байна. Одоо өвлийн улирал эхэлж байна шүү дээ. Одоо л бидний саалийн улирал эхэлж байна гэсэн үг. Нийт сүргийн 70 хувь нь монтбельярд үүлдрийн үнээ. Харин үлдсэн 30 хувь нь хар тарлан үнээ бий.
-Хар тарлан болон монтбельярд үүлдрийн үнээний сүү ялгаатай юу?
-Хар тарлан чинь зөвхөн сүүний чиглэл. Харин монтбельярд бол мах сүүний чиглэлийн үнээ. Тэгэхээр мах сүүний чиглэлийн монтбельярд тослог өндөртэй чанартай сүүтэй. Харин хар тарлан маань жоохон тослог нь бага. Гэтэл бид үйлдвэртээ чанартай сүү нийлүүлэх ёстой. Иймд 70 хувь нь монтбельярд болгосон.
-Өдөрт нийлүүлж байгаа сүүний тослог хэдэн хувьтай байдаг вэ. Бэлчээрийн үнээний сүүнээс ялгаа бий юу?
-Манай фермерээс гарч байгаа сүүний тослог 4.5 хувьтай байдаг. Ер нь түүнээс доошоо буух ёсгүй. Гэхдээ үнээ тус бүрд шинжилж үзвэл монтбельярд үүлдрийн үнээний тослог зургаан хувиас буудаггүй. Зарим аймгуудад үнээ тус бүрийн тослогоор нь сүүнийхээ төлбөрийг өгдөг цех байдаг. Манай фермийн хувьд нийт сүүнээсээ тослогоо хэмжиж өгдөг.
-35 үнээ сааж байна гэж хэлсэн. Өдөрт хэдэн литр сүү нийлүүлж байна вэ?
-Өглөөний сааль 05 цагаас эхэлдэг. Эхлээд тэжээлээ өгнө. Тэгээд 06 цагаас эхэлж саагаад 08 цаг гээд дуусдаг. Харин оройны сааль 17 цагаас эхэлдэг. Бусад үед өвлийн улирал эхлээгүй байгаа учраас гарчихдаг. Нийт 53 үнээ уяатай байгаагаас 35 үнээ саалгаж байна. Бусад үнээнүүд маань удахгүй тугалах учир саальдаа ороогүй байна. Тэгээд өнөөдрийн байдлаар 35 үнээ саахад өдөрт нэг тонн сүү нийлүүлж байна. Фермер бэлчээрийн мал аж ахуйгаас ялгаатай нь намраас авхуулаад тугалдаг. Бид нар зохиомол хээлтүүлгээ намар тугална гэж төлөвлөдөг. Фермүүд өвлийн нөхцөлд хотын иргэдийг цэвэр сүүгээр тасралтгүй хангах зорилготой ажилладаг.
-ФЕРМЕРҮҮД 300 ХОНОГ СААЛЬ АВАХЫН ТУЛД ТЭЖЭЭЛИЙН ТЕХНОЛОГИ АЛДАХ ЁСГҮЙ-
-Фермер гэхээр байнга л хашаандаа байдаг гэж ойлгодог. Гэтэл зөвхөн өвлийн улиралд л хашаандаа байдаг байх нь.
-Фермерүүд үнээнээс жилийн 300 хоног сааль аваад хоёр сар амраадаг. Тэр циклийг тасралтгүй явуулахын тулд тэжээлийн технологи алдаж болохгүй. Дээрээс нь үнээний дэлэнг дааруулж болохгүй. Хэрэв үнээний дэлэн даарчихвал сүүний булчирхайнууд агшаад үнээгээ сааж чадахгүй болно. Тэгэхээр нэмэх температурт байнгын тэжээлтэй байран маллагаатай байж тасралтгүй сүү авна гэссэн үг. Зун, намрын дулаахан зургаан сард нь өдөр бүр гарч агаарлана шүү дээ. Хөдөлгөөн огт хийхгүй байвал хөдөлгөөний дутагдалд орчихно. Тэгж огт болохгүй. Манайх 10 га газартай. Түүнийгээ хашаалчихсан байдаг. Дулааны улиралд тэндээ бэлчдэг.
-Тэжээлийн онцлогийн хувьд.
-Иргэдийн дэлгүүрээс авдаг литрийн савтай сүү дотор тослог, уураг, ислэг лактоз зэрэг тодорхой стандарттай байдаг. Тэр болгоныг чинь стандарттай, чанартай сүү гаргаж авахын тулд тэжээлд маш сайн анхаардаг. Зөв, зохистой хэмжээ гэдэг маш чухал. Амьдын жинд нь тохируулж, тооцоолоод уураг, ислэг, нүүрс ус зэргийг тооцоолно гэсэн үг. Тэр болгоныг л нарийн мэдэх гэж анх хоёр жил судалсан хэрэг. Гаднын улс орнуудад очиж, фермерүүдээс сургалт авч байсан. Мөн Монголдоо малын эмч нараас сургалт авсан. Тэжээлийн технологийг бол ягштал баримталдаг.
-БЭЛЧЭЭРИЙН ҮНЭЭ ЖИЛД МЯНГАН ЛИТР СҮҮ ӨГДӨГ БОЛ ҮҮЛДРИЙН ҮНЭЭ ЕС ДАХИН ИХ СҮҮ ӨГДӨГ-
-Гаднын улс оронд технологи дээр суурилж хөдөлмөрөө хөнгөвчилдөг. Танай фермд нэвтрүүлсэн зүйл юу байна вэ?
-Бид шинэ хүзүүвч туршиж байна. Хүзүүвчээрээ үнээнийхээ ороо орж байгаа эсэх, биеийн температур, эрүүл мэндийн асуудал, өдрийн алхалт, ус ууж байгаа эсэх гээд мэдээллээ авдаг. Ер нь бүрэн автомат болохын төлөө зорьж ажиллаж байна. Өчигдөр гэхэд манай нэг үнээний ороо ороод хүзүүвч нь дохиолол өгч байсан. Яваандаа бид нар хөгжилтэй орнуудын фермүүдийн үйл ажиллагааг илүү сайн судалж, мэдлэгээ нэмж, ухаалаг, ашигтай ажиллахын төлөө зорьж байна.
-Эрчимжсэн мал аж ахуйг шүүмжлэх хүн багагүй байна. Уламжлалт мал аж ахуй бол бидний ёс заншил учир энэ хэвээр байх ёстой гээд л. Та ер нь ямар бодолтой байдаг вэ?
-Манай ферм дээр залуу гэр бүлүүд ирж суралцдаг. Нэг зүйлийг л хэлмээр санагддаг. Малчид бүгд бизнесмен байхгүй юу. Малчид малаа өсгөөд мах, сүү, цагаан идээгээ борлуулдаг. Фермерүүд сүүгээ зарж байна. Бид бүгд ялгаагүй бизнесмен. Бизнес эрхэлж байгаа хүний гол зарчим ашигтай ажиллах. Уламжлалт мал аж ахуй бол зуны гурван сар үнээгээ саагаад цагаан идээ авдаг. Мөн жилдээ л нэг үнээнээс мянган литр сүү авдаг.харин энэ үүлдрийн үнээнүүдээс жилдээ 9 мянган литр сүү аваад байгаа юм. Ингээд харахаар бэлчээрийн үнээтэй харьцуулахад 9 дахин илүү сүү авдаг. Би малчдад нэг үнээ жилд хэдэн литр сүү өгч байгаа зөрүүлээд хэр их тэжээл өгч байна вэ. Нэг бодоод үзээрэй гэмээр санагддаг. Бид энэ уур амьсгал өөрчлөгдсөн үед эрчимжсэн мал аж ахуй руу орохоос өөр арга алга.