ХЭРГИЙН МӨРӨӨР: Хятадын иргэн Чен Ганзу "Жижиг мкв байр өгнө" хэмээн "Ука" хочит Л.Алтанхуяг нарыг хөлсөлж, бусдын орон сууцуудыг өөрийн болгожээ

ХЭРГИЙН МӨРӨӨР: Хятадын иргэн Чен Ганзу "Жижиг мкв байр өгнө" хэмээн "Ука" хочит Л.Алтанхуяг нарыг хөлсөлж, бусдын орон сууцуудыг өөрийн болгожээ

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 оны гуравдугаар сард "Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нарын хүмүүс нь бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталж, бусдын эд хөрөнгийг захиалагчид хууль бусаар шилжүүлсэн гэх гэмт хэрэг үйлдсэн байдаг. 

Улмаар тухайн этгээдүүдэд холбогдох хэд, хэдэн хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2, 2.10 дахь хэсэг, 20.3-1, 20.3-2, 11.1-2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж байсан юм. Ингээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Ука" хочит Л.Алтанхуяг 16 жилийн хорих ял, "Хулнаа" хочит Б.Хулансамбууд 16.8 сарын хугацаагаар хорих ял, Б.Ууганзаяад 9.2 жилийн хорих ял оноосон бол Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Алтанхуягт оноосон ялыг 13 жил, 1 сар, 22 хоногийн хорих ял болгон өөрчилсөн байдаг. Мөн шүүгдэгч Б.Хулансамбуугийн ялыг 15.2 жил, шүүгдэгч Б.Ууганзаяагийн ялыг 7.8 жилийн хорих ял болгон өөрчилсөн байдаг.  

-ХЯТАД ИРГЭН ЧЕН ГАНЗУ ЭХЛЭЭД Л.АЛТАНХУЯГТ ДАРАА НЬ Б.УУГАНЗАЯАД ЗАХИАЛГА ӨГЧЭЭ-

Тэгвэл "Ука" хочит Л.Алтанхуяг нарт захиалга өгч, бусдыг айлган сүрдүүлгүүлж, эд хөрөнгийг нь өөрийн болгосон БНХАУ-ын иргэнд холбогдох хэргийг хуулийн байгууллагаас тусгаарлан шалгаж, түүнд шүүхээс 5.6 жилийн хорих ял оноосон байна. 

Тодруулбал, БНХАУ-ын иргэн Чен Ганзоу нь анх 2023 оны нэгдүгээр сард "Ука" хочит Л.Алтанхуягийг хөлсөлж, өөрийн өр авлагатай холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн аж. Харин үүнээс хэдхэн хоногийн дараа "Уунаа" хочит Б.Ууганзаяатай уулзаж, "Л.Алтанхуяг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өндөр үнэтэй өмгөөлөгч авъя гээд байна. Би мөнгө гаргах боломжгүй байна. Чи энэ асуудлыг шийдэж өгөөд жижиг мкв2 байрыг нь ав" гэх саналыг тавьж байжээ.

-ХЯТАД ИРГЭНЭЭС ЗАХИАЛГА АВСАН Л.АЛТАНХУЯГ НАР НЬ ХОХИРОГЧИЙГ ХЭЭР АВААЧИЖ, БИЕД НЬ ХАЛДАЖ, "ГЭР БҮЛИЙГ НЬ ОРОЛДОНО" ХЭМЭЭН СҮРДҮҮЛЖЭЭ-

Харин "Ука" хочит Л.Алтанхуяг нь 2023 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр хохирогч Б руу  9911...-тэй дугаараас залгаж, "Баянаатай /Чен Ганзу/ наймаа хийсэн мөнгөний асуудал байгаа юм байна. Тэрний талаар уулзах хэрэг байна" хэмээн залгаж, зурвас бичиж, "ална" хэмээн сүрдүүлэх болсон байна. Тиймээс ч хохирогч Б арга буюу 2023 оны гуравдугаар сарын 03-ны өдөр "Шангрила молл" худалдааны төвийн ард талд байрлах машины зогсоол дээр уулзсан байгаа юм. Гэтэл "Ука" хочит Л.Алтанхуяг нь хохирогч Б-ын биед халдаж, "Алаад булчхаж чадна шүү" хэмээн айлган сүрдүүлж, үйлдвэрээ өгөхийг шаардсан байна. 

Хохирогч залуу тэдний дарамтаас хурдан гарахын тулд үйлдвэрээ БНХАУ-ын иргэн Чен Ганзуд өгөхөөр болоход тэд үйлдвэрийг нь голж, улмаар "Уунаа" хочит Б.Ууганзаяа, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нар нь бүлэглэн 2023 оны гуравдугаар сарын 05-ны өдөр хохирогч Г.Б-г хүчээр автомашинд суулган, Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морингийн даваанд авч очиж, хохирогчийн өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэгт байрлах дугаар байрны 33.5 мкв нэг өрөө, 61.5 мкв хоёр байруудыг шилжүүлэн өгөхийг шаардаж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл буюу хутга тулган "Биеийн эд эрхтнийг нь зүснэ" гэж хүч хэрэглэхээр заналхийлж, нулимс асгаруулагч хийгээр угаартуулж, гэдэс, толгой зэрэгт гар, хөлөөрөө цохих зэргээр хүч хэрэглэн биед нь халдаж, бусдын орон байранд хорьж дарамталж эхэлсэн байна.

Үүгээр зогсохгүй "Өөрийн нэр дээрх байруудаа шилжүүлэхгүй бол "Гэр бүлээр чинь оролдоно" гэх зэргээр сүрдүүлжээ. Тиймээс ч хохирогч залуу өөрийн нэр дээрх байрнуудынхаа захиалгын гэрээг Баянаа гэх БНХАУ-ын иргэн Чен Ганзугийн нэр дээр шилжүүлсэн байдаг аж. 

-МОНГОЛЧУУДАД ЗАХИАЛГА ӨГЧ, МОНГОЛ ИРГЭНИЙГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ, ОРОН БАЙРЫГ НЬ ӨӨРИЙН БОЛГОСОН ЧЕН ГАНЗУД 5.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ-

Харин тухайн гэмт хэргийг БНХАУ-ын иргэн Чен Ганзугийн захиалгаар үйлдсэн гэх "Ука" хочит Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийг 2024 онд дээрх дурдсанчлан шийдвэрлэсэн бол захиалагч гэх БНХАУ-ын иргэн Чен Ганзуд холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд түүнийг өөрт нь өр төлбөртэй иргэнээс төлбөрөө авахын тулд 2023 оны нэгдүгээр сард нэр бүхий хүмүүст захиалга өгч, тухайн иргэний бие эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, нэр дээр нь бүртгэлтэй хоёр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусадтай бүлэглэн заналхийлсэн гэмт буруутайд тооцож, 5 жил, 6 сарын хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө