Э.Шижир: “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн гэрээг цуцлаагүй бол 2025 онд Монголчууд гангийн үйлдвэртэй болчих байсан

Э.Шижир: “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн гэрээг цуцлаагүй бол 2025 онд Монголчууд гангийн үйлдвэртэй болчих байсан

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг төрийн өмчид авах шийдвэр 2022 онд гарсан. Энэ үеэр “Кью Эс Си” компани уг үйлдвэрт концессын гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаад Засгийн газрын гэнэтийн шийдвэрээр гэрээ нь цуцлагдсан юм. Энэ талаар “Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижиртэй ярилцлаа.

ВИДЕО:

-"ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХААС ӨМНӨ ТУС ҮЙЛДВЭР САНХҮҮГИЙН АСУУДАЛТАЙ БАЙСАН"-

-Танай компани Дарханы төмөрөлөгийн үйлдвэрт концессын гэрээгээр ажиллахад тус үйлдвэрийн санхүү, технологи гээд нөхцөл байдал ер нь тухайн үед ямар байсан бэ?

-Энэ үйлдвэр анх 1990 онд баригдаж эхлээд 1993 онд үйл ажиллагаа нь жигдэрч ажилласан. Гэхдээ ажиллаж эхэлсэн цагаасаа хойш дандаа л мөнгө, санхүүгийн гачигдалд орчихлоо, зээл олгооч, татвар хөнгөлөөч, зээлээ цуцлаач гэх мэтчилэн төрөөс дэмжлэг хүссэн, төсвөөс гуйлга гуйсан маягтайгаар хүндрэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан гэдэг нь өмнөх бичиг баримтуудаар нотлогддог. Энэ асуудлыг шийдэхийн тулд хувьчлах, эс бөгөөс санхүүгийн асуудлыг шийдвэрлэх олон асуудлууд гарч байсан юм билээ. Хувьчилъя гэдэг УИХ-ын тогтоол 2005, 2010 онд гарч байсан. Нэг талаас энэ компанийн санхүү нь жигдрэхгүй явж байсантай холбоотой байх. Нөгөө талаас Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэн учраас төр өөрөө өмчтэй байх буруу юм байна, хувийн хэвшлүүд рүү бүх зүйл шилжээд явах ёстой гэсэн зарчмын дагуу тухайн үед УИХ-ын шийдвэрүүд гараад явж байсан байх.

-Ер нь танайх концессын гэрээг анх байгуулахдаа ямар зорилго дэвшүүлж байсан юм бэ?

-Манай компанийн нэр өөрөө "чанартай ган" гэсэн утгатай буюу Монгол улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх, тэр дундаа хар металургийн үйл ажиллагаа явуулахаар зорьж байгаа компани.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тухайн үед өргөтгөл, шинэчлэл хийж байж хүндрэлээс гарах ёстой юм байна гэсэн тогтоол гарч, хөрөнгө оруулагч шалгаруулах үйл ажиллагаа явуулсан. Түүнд нь Кью Эс Си компани оролцоод Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрэгжүүлэх гэж байгаа өргөтгөл шинэчлэлийн төсөл дээр нь санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагч байдлаар оролцъё гэсэн санал тавиад, тэр саналын дагуу шалгарч, хөрөнгө оруулалтын ажиллагаа анх 2010 оноос эхэлсэн байдаг. Ер нь Кью Эс Си компанийн зорилго бол Монголдоо гангийн үйлдвэр, металургийн чиглэлийн томоохон бүтээн байгуулалтыг хийгээд, хэрэгжүүлээд явъя гэсэн зорилготой.

-"ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ АВАХ ГЭЖ ДАВУУ БАЙДАЛ АШИГЛАЖ БАЙСАН БОЛ КОНЦЕССЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХГҮЙ, ӨМЧИЛЧИХ БАЙСАН БАЙХ"-

-Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг давуу байдлаа ашиглаад концессын гэрээгээр авч байсан гэдэг зүйл яриад байдаг. Танайх давуу эрх эдлээд авчихсан зүйл байдаг юм уу?

-Тийм хардлагууд асар их бий. Гэхдээ буруу гэдгийг баримт материалуудыг үндэслээд дүгнэхэд хангалттай байх. Концессын гэрээнээс өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрэгжүүлэх гэж байгаа төслийн хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч гэдгээр анх орж байсан. Тухайн үед шалгаруулалтад зургаан компани оролцсон. Бусад тав нь томоохон компаниуд буюу Солонгос, Энэтхэг, Хятадын хоёр ч компани гээд гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр нэлээд нэр хүндтэй компаниуд өрсөлдсөн. Яагаад Монголд шинэ тутам байгуулагдсан компани энэ томоохон компаниудтай өрсөлдөөд ялчихсан бэ гэдэг хардлага асар их бий. Үүнийг тухайн үеийн бичиг баримтууд дээр үндэслээд дүгнэх хэрэгтэй. Кью Эс Си компанийн хувьд төсөл дээр санхүүжилтээр хамтраад явъя гэсэн. Мөн гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр олон улсад нэр хүндтэй, туршлагатай компаниудтай хамтраад явъя гэсэн зүйл ч орсон байдаг. Кью Эс Си компанийн хувьд төслийн гол удирдагч, зохион байгуулагч гэдэг агуулгаар гол хэрэгжүүлэгч нь болж явж байсан.

Бусад компаниуд нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ бид нарт шилжүүлээд өгчих. Бид үүнийг чинь бариад, ашигтай болгоод өгье” гэсэн нөхцлүүд ярьсан. Мөн Монголд байгаа төмрийн орд газруудыг бүгдийг нь шилжүүлж өг гэсэн шаардлагыг хүртэл тавьсан байдаг.

Харин Кью Эс Си компанийн санал бол заавал Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг бидэнд шилжүүлж өгөх шаардлагагүй. Төсөлд л шаардалгатай байгаа хөрөнгө, санхүүжилийг бид хийгээд явъя. Харин шинээр бий болж байгаа үйлдвэрлэээс гарсан бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн хуваах нөхцөлтэйгөөр гэрээ хийе гэсэн. Өөрөөр хэлбэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшил хэвээрээ. Бид зөвхөн санхүүжилт дээр нь туслаад явъя, эцсийн үр дүнгээр гарсан бүтээгдэхүүнийг хуваах нөхцөлтэйгөөр ашиглаад явъя гэсэн санал тавьсан. Концессын гэрээ 2014 онд байгуулагдсан. Ийм нөхцөлөөр бид үйл ажиллагааг эхлүүлэнгүүт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчлах тогтоол нь 2010 онд буюу бид нарыг хөрөнгө оруулалт хийгээд явж байх үед гарч байсан юм билээ. Харин Кью Эс Си компани хөрөнгө оруулалтууд хийсэн учраас төр, хувийн хэвшлийн хамтралаар, хувьчлахгүйгээр энэ том компанийг хөл дээр нь босгоод, үйлдвэрлэлийг бий болгоод 30 жилийн хугацаатай гэрээ байгуулна. Харин 30 жилийн дараа хийсэн бүтээн байгуулалтыг төр үнэгүй буцааж авна гэдэг гэрээгээр явъя гэдэг шийдэлд хүрсэн. Хэрвээ нөлөө үзүүлээд болдог байсан бол хувьчлаад авчихсан нь дээр биз дээ. Тэгэхээр тийм үйл явдал болоогүй.

-"ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХААС ӨМНӨ 40 ТЭРБУМЫН БАЛАНСТАЙ БАЙСАН ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ТӨРД АВАХ ҮЕД 600 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАЛАНСТАЙ БОЛСОН БАЙСАН"-

-Кью Эс Си компани концессын хийсэн энэ хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, өөрчлөлтийг хийсэн бэ? 

-Хөрөнгө оруулалтын гэрээ 2010-2014 он хүртэл явагдсан. Энэ хооронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 93 тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар 60 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн баланс нь 40 тэрбум төгрөг байсан. Үндсэн хөрөнгө нь л гэхэд 14 тэрбум болчихсон үе. Ийм компани дээр 93 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2014 оноос хойш концессын гэрээ хэрэгжиж байх хугацаанд дэд бүтцийн гурван том төсөл, гангийн үйлдвэрлэлтэй холбоотой шинэ механизм, уул уурхайтай холбоотой маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн буюу 600 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Мөн тэр газрыг тогтой болгосон, төмөр замтай болгосон, ажилчид нь байрлах сууцтай болгосон, техникийн засвар хийх газруудыг барьсан, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг баяжуулах үйлдвэрийг барьсан гэх мэт асар их хөрөнгө оруулалт хийсэн байгаа.

Сая концессын гэрээг цуцалж хурааж авахад Дарханы төмөрлөгийн үйлдвэр 600 гаруй тэрбумын баланстай болчихсон байсан.

-Мөн олон нийтийн дунд явдаг нэг өнцөг бол Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр авахдаа жилдээ нэг сая тонн төмрийг үйлдвэрлэх ёстой байсан ч түүнийгээ чадаагүй юм гэдэг. Зарим нь жилд 350 мянган тонн төмрийн хүдэр үйлдвэрлэх гэрээтэй байсан ч гэдэг. Танай компани яг хэдийг үйлдвэрлэнэ гэж анх концессын гэрээнд тусгаж байсан юм бэ?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд өргөтгөл, шинэчлэл хийгээд гангийн үйлдвэрлэлийг 180 мянган тоннд хүргэнэ гэсэн байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний дараа судалгаа хийж байгаад манай концессын гэрээнд тусгахдаа жилд 300 мянган тонныг үйлдэврлэнэ гэж заасан. Улмаар гангийн үйлдвэрлэлийн ТЭЗҮ-г эцэслэж батлуулахад гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бид 350 мянган тоннын хүчин чадалтайгаар батлуулсан. ТЭЗҮ-г 2021 онд батлуулсан. Үүнээс ердөө дөрвөн сарын дараа буюу 2022 оны 4 сард концессын гэрээг гэнэт цуцалчихсан. Сая тонн болгоно гэдэг нь төрд очсоны дараа бий болгосон.

-2022 оны хавар гэнэтхэн л нэг өдөр Кью Эс Си компанитай байгуулсан концессын гэрээг цуцалж байна гээд мэдэгдчихсэн. Энд ямар үйл явдал болсон бэ. Бас нөгөө талаар анх гангийн үйлдвэрлэлээ ашиглалтад оруулна гэж концессын гэрээ хийсэн хэрнээ гангийн үйлдвэрлэлээ ч ашиглалтад оруулаагүй гэдэг. Мөн өөр баримт материал, ярилцлагаас үзэхэд гангийн үйлдвэр энэ онд буюу 2025 онд л ашиглалтад орох байсан юм билээ шүү дээ. 2022 онд гаргасан шийдвэр юу болсон юм бэ?

-2021 оны арванхоёрдугаар сард ТЭЗҮ-гээ батлуулаад явж байсан чинь гэнэт “эд нар юм хийхгүй юм байна” гээд үндэслэлгүй шийдвэр гаргачихсан. Ямар үндэслэл, шалтгаантайгаа огт яриагүй. Тэгээд баахан цагдаагийн хүмүүстээ ирээд бид нарыг хашаанаас нь хөөгөөд л гаргачихсан. Бидний хөрөнгө оруулалтыг ч огт тоохгүйгээр төр өөрийнхөө юмыг авлаа гээд л бид нарыг хөөсөн. Тэгсэн мөртлөө дараа нь ямар ч тооцоо гаргаагүй. Одоог хүртэл ямар ч уулзалт хийгээгүй байгаа. Төр очоод нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Бид нарын л тавьсан техник, баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто зам, татсан тогийг ашиглаад үйлдвэрлэлээ явуулж байгаа.

-Засгийн газарт хандсан уу?

-Бид бүгдэнд нь хандсан. Хариу ирээгүй байна. 2022 онд гэрээ цуцлаагүй байсан бол бид 2025 онд буюу өдийд гангийн үйлдвэр ашиглалтад ороод, тестлээд л явж байгаа шүү дээ. Энэ бол хөрөнгө оруулагч нарын үйл ажиллагааг төр дуртай үедээ зогсоож чаддаг юм байна гэх маш том хар толбо болсон зүйл. Ийм зүйлийг харж байгаа хүмүүс яаж Монголд хөрөнгө оруулах юм. Хөрөнгө оруулагч нарыг татахын тулд энэ мэт хар толбонуудаа эхлээд засах хэрэгтэй л гэж бодож байна.

-Ярилцсан танд баярлалаа.




Өнөөдөр бич өдөр

11 цагийн өмнө