Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Б.Одсүрэнгийн хээр даага аман хүзүүнд хурдалж, наадамчин олноо баясгасан билээ.
Тухайн үед хээр дааганы эзэн Б.Одсүрэн дээлэндээ багтахгүй баярлаж, телевизийн хөтлөгчийн асуултад хариулах үеэрээ "Ганбаяраа чи ярь. Ганбаяраа чи ярилцлага өгөөдөх" хэмээн хоолой чичрүүлэн ярьсан нь олон түмний хайр талархлыг хүлээж, гүндүүгүй монгол эр хүн гэх алдрыг ард түмнээсээ хүртсэн юм. Тиймээс бид Сар шинийнхээ баярын дугаарт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, хурдан хээр дааганы эзэн Б.Одсүрэнг урьж, Төв аймгийн Сэргэлэн суманд байх түүний уяаг зорьсон юм.
ВИДЕО:
-ХЭЭР ДААГАА АМАН ХҮЗҮҮНД ХУРДЛАХАД ДЭЭЛЭНДЭЭ БАГТАХГҮЙ БАЯРЛАСАН-
-Та юуны түрүүнд өөрийгөө танилцуулаач?
-Намайг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Багадаваагийн Одсүрэн гэдэг.
-Таныг манай уншигч, үзэгчдэд өнгөрсөн жилийн баяр наадмаар цацагдсан "Ганбаяраа чи ярь. Ганбаяраа чи ярилцлага өгөөдөх" хэмээх хөөрхөн, хөгжилтэй яриагаар нь таньдаг болсон. Тухайн үеийнхээ сэтгэгдлээс нь яриагаа эхлүүлье?
-Олон жил хурдны морь уяж сойж байхдаа Төрийн наадамд айраг, түрүү авч үзэх юмсан хэмээн хүсэж, мөрөөдөж, зүүдэлж явсан. Харин өнгөрсөн жил Ерөө сумынхаа 100 жилийн ойгоор улсын баяр наадамд хээр даага маань аман хүзүүнд хурдалж, ёстой л дээлэндээ багтахгүй баярласан даа. Тэгж их баярлаж байхдаа л "Ганбаяраа чи ярь. Ганбаяраа чи ярилцлага өгөөдөх" гэж хэлсэн байсан. Тэгж ярьсан яриагаа өөрөөсөө ичээд нэг хэсэг үзэж чадахгүй байж байгаад үзсэн.
-Тухайн үед бичлэгээ үзээд ямар сэтгэгдэл төрж байв бол. Найз нөхөд, олон нийтээд ямар сэтгэгдэл ирж байв?
-Бичлэгээ үзээд өөрөө их ичсэн. Харин манай монголчууд моринд хайртай болохоор их гоё, эерэг хүлээж авсан байсан. Бүгд л баяр хүргээд "Ганбаяраа чи ярь, Ганбаяраа чи ярь" гэж хэлсэн бичлэгийг маань явуулж байсан. Одоо ч мөн баяр хүргэж, бичлэгийг маань явуулсаар байгаа.
-Хээр дааганыхаа уралдааныг телевизээр үзэж байсан уу, даага нь өнгөлж явахад юу бодогдож байсан бэ?
-Даагаа мордуулаад "гал"-ынхантайгаа хамтдаа телевизээ хараад сууж байсан. Тэр үед "Чиний хээр даага өнгөлөөд явж байна" гэхэд нь баярласандаа болоод "кадр тасарна" гэдэг шиг л юм болсон. Даагаа хаана давхиж байгааг ч олж харж чадахгүй байсан. Тэгээд нэг мэдсэн айргийн хашаанд орсон явж байсан. Тэр үед ёстой нөгөө нохой, шувуу шуугиулаад л айргийн хашаанд орсон байна лээ. Яг үнэндээ юу ярьж байгаагаа ч мэдээгүй.
-Тухайн үед хээр даагаа түрүүлнэ гэсэн итгэл үнэмшил байсан байх?
-Өө тэгэлгүй яах вэ. Бүх л уяачид уясан буянаа түрүүлнэ гээд мордуулна шүү дээ. Тэдний нэгэн адил хээр даагаа түрүүлнэ гээд л мордуулж байлаа.
-Та хээр дааганыхаа угшлыг сонирхуулж яриач?
-Миний хээр даага Сэлэнгэ аймгийн унаган адуу. Надтай олон жил найзалж нөхөрлөж, хамтдаа бөхийн бэлтгэл сургуулилт хийж явсан Ганбаяр дүүгийн маань унаган адуу байгаа юм. Миний хээр даага хавар их хурдан байсан болохоор олон хүн авъя гэж хэлж байсан юм билээ. Харин Ганбаяр дүү маань "Хээр даага нутагтаа үлдээмээр байна" гээд надад өгсөн юм. Хээр дааганы эх нь Сүхбаатар аймгийн н.Жабалшанав гэж хүний хонгор гүү, эцэг нь Сэлэнгэ аймгийн Ганбаяр дүүргийн Бал гэж хээр азарганы төл. Энэ завшааныг ашиглаад Ганбаяр дүүдээ, уяж сойсон н.Сайнбаяр дүүдээ дахин баярлалаа гэж хэлмээр байна.
-Улсын баяр наадмаар хойш хээр үрээгээ өөр наадамд уяж сойсон уу?
-Улсын баяр наадмаас хойш дахин өөр уралдаанд оролцоогүй. Ирэх жилийн Улсын наадмаар уралдах бэлтгэлээ хийгээд л байж байна даа.
-Та бага байхдаа хурдны морь унаж байсан уу?
-Би багадаа их өсгөлүүн том биетэй хүүхэд байсан болохоор хурдны морь унаж байгаагүй. Харин багадаа барилддаг хүүхэд байсан. Би бага байхдаа бас нэг хээр даагатай байсан юм. Тухайн үед хээр даагаа ааваараа шинжлүүлэхэд "Хээр даага чинь их хурдан буян байна. Морь дагаж бөх төрдөг юм" гэж аав минь хэлсэн. Тэр үг, захиасыг нь бодож явсаар 1996 онд 10 дугаар ангиа төгсөх жилээ хээр даагаа соёолонд нь уяж сойгоод баяр наадмаар түрүүлж, би өөрөө бөхийн барилдаанд нь түрүүлж, Сумын начин цол хүртэж байсан. Тэр үед Чингис хивс, 8 кг-ын хувинтай гэртээ очиж байсан нь одоо ч сэтгэлд тод үлдсэн байна.
-Та хэдэн жил хурдны морь уяж сойж байна вэ?
-Мэдээ орсон цагаасаа л хойш морь сонирхож, морь малтай ойр өссөн дөө. Харин сүүлийн 20 орчим жил идэвхтэй морь уяж байна.
-Танай гэр бүлийнхнээс танаас өөр хурдны морь уяж, сойдог хүн бий юу?
-Манайхан гэр бүлээрээ бүгд л хурдны морь сонирхож, хайрладаг. Аав минь ч ялгаагүй хурдны морь сонирхож, уяж сойдог жирийн л нэг адуучин хүн байсан.
-Уяачид гал болж хурдан морио уяж сойх нь элбэг болсон байна. Таны хувьд аль нэг галд харьяалагдаж байна уу?
-Би "Богдын хурд" галд байдаг. Манай гал Хүй долоон худгийн Бор ухаа гэдэг газарт бууриа засаад хоёр жил гаруйн хугацаа болж байна. Манай галд Монгол Улсын Манлай уяач Х.Улам-Өрнөх, Ч.Махбал, Аймгийн алдарт уяач Чимэд-Осор, С.Гал-Эрдэнэ, Аймгийн заан Н.Анхбаяр, Алтанхуяг ах, Баатар ах, Баяраа ах, Мөнхбат найз маань гээд туслах, унаач хүүхдүүд, тогооч нар гээд олон хүн байдаг.
-Сар шинийн баярын өдрүүд болж байна. Та хүүхэд насныхаа сар шинийн баярын дурсамжаасаа хуваалцаач?
-Хүүхэд насанд хамгийн сайхан баяр бол Цагаан сар байсан. Одоо ч энэ хэвээрээ. Хүүхэд байхад аав, ээж минь тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог гээд Цагаан сарыг их өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан. Тэр үед өөрсдөө хэвийн боовоо хийж, ууцаа чанадаг байлаа. Одоо ч тэр үеэ санахаар сайхан санагдаж байна. Цагаан сараас өмнө хөнгөрүүлсэн морио унаад дүүтэйгээ Ерөөгийнхөө айл болгоноор л орж, шинэлээд айлын өгсөн бэлэг өвөр дүүрээд ирэхээр гэртээ очиж, ээждээ өгдөг тийм л сайхан өргөн дэлгэр шинэлдэг байсан даа.
-Та манай уншигч, үзэгчдэд хандаж баярын мэндчилгээ дэвшүүлээч?
-Тэгэлгүй яах вэ. Нийт монголчууддаа Модон могой жилийн Сар шинийн баярын мэнд хүргээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.