Д.Трамп, В.Путин нар "Украинд гал зогсоох ямар ч тохиролцоонд хүрээгүй" гэв

Д.Трамп, В.Путин нар "Украинд гал зогсоох ямар ч тохиролцоонд хүрээгүй" гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2025.08.16/ Аляска мужийн Эльмендорф-Ричардсон цэргийн баазад боллоо. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын төв нь "Украины яриа хэлэлцээ" байсан бөгөөд гурван цаг үргэлжилсэн Д.Трамп, В.Путин нарын хэлэлцээр ямар ч тохиролцоонд хүрээгүй талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. 

Учир нь дээд хэмжээний уулзалтын дараа Д.Трамп, В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийсэн бөгөөд энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, "тохиролцоонд хүрэхгүй бол ямар ч хэлэлцээр байхгүй" гэж товч өгүүлжээ. 

Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэвлэлийн хурлын үеэр Оросын ерөнхийлөгч В.Путинтай зарим асуудлаар зөвшилцсөн ч, зарим асуудал дээр тохиролцоонд хүрээгүй гэдгийг онцолсон байна. Тэрээр, тохиролцоонд хүрэхгүй бол ямар ч гэрээ байгуулагдахгүй бөгөөд НАТО-гийн түншүүд болон Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар холбогдохоо мэдэгджээ. Д.Трамп бизнесийн өргөн боломж, хамтын ажиллагааны ирээдүйд итгэж байгаагаа илэрхийлээд, уулзалтаас ахиц гарсныг хэлсэн байна. Мөн Путинтай харилцаа сайн байгаа ч өнгөрсөн хугацаанд янз бүрийн “хуурамч дуулиан” нь уулзалтуудад саад болж байсныг дурджээ.

Д.Трамд, “Бид хараахан зорьсон цэгтээ хүрээгүй байна, гэхдээ тэнд хүрэх магадлал өндөр” гэсэн байна.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын урилгад талархал илэрхийлж, хоёр улс хөрш гэдгийг, Аляска нь Оросын түүхийн нэг хэсэг бөгөөд шашны холбоотойг онцолсон байна. В.Путин Магадан хотод саатаж, Дэлхийн II дайны үед АНУ-тай хамтран ажилласны дурсгалын хөшөөнд зочилсон тухайгаа дурджээ. Мөн сүүлийн дөрвөн жил дээд хэмжээний уулзалт болоогүй нь хоёр орны харилцаанд хүнд сорилт учруулж байсан ч, харилцааны шинэ шат эхлэх цаг ирсэнд баяртай байгаагаа илэрхийсэн байна. 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Д.Трамптай шууд харилцаатай гэдгээ хэлээд, уулзалтын гол сэдэв нь Украин байсан бөгөөд Д.Трампын асуудлын мөн чанарт хүрэхийг зорьж буй эрмэлзлийг “үнэлэхийн аргагүй” гэсэн байна.

В.Путин, “Өнөөгийн нөхцөл байдалд хачин сонсогдож болох ч бид Украиныг ахан дүүсийн ард түмэн гэж үзэж ирсэн. Урт хугацааны энх тайвныг бий болгохын тулд мөргөлдөөний үндсэн шалтгааныг шийдвэрлэх ёстой. Украины аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэдэгт би Д.Трамптай санал нэг байна. Эдгээр хэлэлцээ энхийн замыг нээх болно гэж найдаж байна. Гэхдээ өдөөн хатгалга гарахыг үгүйсгэхгүй" гэжээ.

Ингээд хэвлэлийн хурал төгсөх мөчид Д.Трамп, В.Путин нар сэтгүүлчдийн асуултыг үл тоон танхимаас гарч одсон байна. Мөн АНУ, ОХУ-ын хэлэлцээнд оролцсон төлөөлөгчид өдрийн зоогтой байсан ч зоог цуцлагдаж хоёр тал шууд буцсан байна. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө