Орон нутгийн амралтын өдрүүдэд зам тээврийн ноцтой ослууд гарч, иргэд амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал,
- Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Chevrolet маркийн тээврийн хэрэгслийн дугуй буудсаны улмаас онхолдож, ослын улмаас жолооч, зорчигч нарын 4 иргэн нас барсан,
- Говь-Алтай аймгаас Ховд чиглэлийн замд Toyota маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүн нас барсан,
- Өмнөговь аймгийн нутагт Норд бенз маркийн том оврын тээврийн хэрэгсэл мөргөлдөж, жолооч нас барсан,
- Сүхбаатар аймагт мотоцикль онхолдсоны улмаас жолоодож явсан иргэн нас барсан зэрэг зам тээврийн ослуудад шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Зам тээврийн ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэт түрүүлэх ба гүйцэх үйлдэл хийх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг эрсдэлт нөхцөл байдал эзэлж байна. Мөн жолооч болон зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй нь гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлэх нь учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.