АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай гурван цаг орчим хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн бага хурал дээр “тохиролцоонд хүрэхгүй бол ямар ч хэлэлцээр байхгүй” гэж мэдэгдсэн. Уг дээд хэмжээний уулзалтыг "маш үр дүнтэй" гэж тодорхойлсон хэдий ч, В.Путинтай Украин дахь дайныг зохицуулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй гэдгээ Д.Трамп тэмдэглэсэн.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Оросын талаас Лавров, Ушаков, АНУ-ын талд тусгай элч Виткофф, Төрийн нарийн бичгийн дарга Рубио нар оролцсон байна. Уг уулзалтыг ажил хэрэгч, харилцан хүндэтгэсэн уур амьсгалд болсон гэдгийг онцолж байна. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков “В.Путины Д.Трамптай хийсэн яриа маш эерэг байсан. Хоёр Ерөнхийлөгч ч тэгж хэлсэн” гэж мэдэгдсэн байна.
Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Fox News телевизэд ярилцлага өгч, уулзалтыг “арав” гэж үнэлсэн байна. Түүний хэлснээр, “цөмийн томоохон гүрнүүд харилцан ярих нь сайн хэрэг” ажээ.
Д.Трампын мэдэгдсэнээр, В.Путин асуудлыг шийдэхийг хүсэж байгаа бөгөөд Орос, Украин хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна. Гэхдээ тохиролцооны нарийн параметрүүд юу болох, В.Путин яг юунд зөвшөөрсөн талаар тэрээр тодорхой мэдээлээгүй бөгөөд зарим асуудлаар санал нийлэхгүй байгаагаа ч нууцалж, “хариулахгүй байхыг илүүд үзнэ” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Одоо асуудал В.Зеленскийн гарт байна” хэмээн тэмдэглээд, өөрөө ирэх долоо хоногт В.Путин, В.Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
“Одоо Ерөнхийлөгч В.Зеленский, ерөнхийлөгч В.Путин нар уулзалт хийх гэж байна. Би тэнд байхыг хүсч байгаа юм биш, гэхдээ энэ нь биелээсэй гэж хүсэж байна,” хэмээн Д.Трамп мэдэгдсэн байна.
Уулзалт хаана болох нь тодорхойгүй байгаа ч Москва эсвэл Киевт зохион байгуулагдах магадлалтай гэж үзэж байна. Д.Трампын хэлснээр, "тэр болон В.Путин Украины аюулгүй байдлын баталгааны асуудлаар үндсэндээ тохиролцсон. Тэрбээр В.Зеленскийг В.Путинтай тохиролцохыг зөвлөсөн бөгөөд, “Орос бол маш хүчирхэг улс, харин тэд /Украин/ тийм биш,” гэж онцолсон байна. Хятадын Оросын нефть худалдан авалттай холбоотой хоёрдогч хоригийн талаар асуухад Д.Трамп “Өнөөдрийн үйл явдлын улмаас энэ талаар одоогоор бодох шаардлагагүй гэж үзэж байна. Харин хоёр, гурван долоо хоногийн дараа дахин авч үзэж магадгүй” гэжээ.
Эх сурвалж: BBC