Уранчимэг /RUNAA/: Өөрийн бие даасан тоглолтоо хийж, амьд хөгжмийн эмэгтэй хамтлагтай болохыг мөрөөддөг

Уранчимэг /RUNAA/: Өөрийн бие даасан тоглолтоо хийж, амьд хөгжмийн эмэгтэй хамтлагтай болохыг мөрөөддөг

“Mc collection” хамтлагийн үзэсгэлэнт ганц эмэгтэй дуучин Б.Уранчимэгтэй түүний шинэ уран бүтээл, цаашдын зорилго, төлөвлөгөө зэрэг сэдвээр ярилцлаа. 2023 оноос “Mc collection” хамтлагт элссэн тэрбээр тус хамтлагийн олон дууны дахилтыг эгшиглүүлж, олны хайр хүндэтгэлийг хүлээж буй билээ.

ВИДЕО:

"НИЙГЭМД ЭЕРЭГ ЗҮЙЛС ТҮГЭЭСЭН УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ"

-Таныг дуучин, уран бүтээлч гэхээс цааш хэн бүхэн төдийлөн сайн мэдэхгүй байх. Та өөрийгөө товч танилцуулаач.

-Миний жинхэнэ нэрийг Б.Уранчимэг гэдэг. Харин миний артист нэрийг Runaa гэдэг. Би айлын том охин. Доороо гурван дүүтэй. Манай өвөө эмээ гэр бүлийнхэн маань Архангай аймгийн уугуул. Гэхдээ би Төв аймагт төрж, өссөн. Би компьютерын мэргэжилтэй. Яг мэргэжлээрээ бол нэг жил л ажиллаж байсан. Урлагийн хүн болно гэж бодож байсан ч урлагийн сургуульд сурч чадаагүй. Тэгээд эзэмшсэн мэргэжлээ болиод урлагт бүрэн бие, сэтгэл, амьдралаа зориулаад явж байна. Гэхдээ мэдээж мэргэжлийн урлагийн сургууль төгссөн хүмүүсийн хажууд сонирхогч. Мэргэжлийн хүмүүстэй таарахаараа жоохон санаа зовдог.

-“Mc collection” хамтлагтай нэгдээд хэдэн уран бүтээл туурвисан байна вэ?

-“Mc collection” хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэй. Хоёр гишүүн нь орон тооны бус гишүүн гэж явдаг.“Mc collection” хамтлагтай 2023 оноос хамтарч ажиллаж байгаа. Тус онд хамгийн анх “Хайрын дурсамж” гээд уран бүтээл гаргасан. Би анх “No name” хамтлагтай “Bye” гээд дуу гаргасан. Тус дуу ч тухайн үедээ хөөрхөн хит болсон. Улмаар “Mc collection” хамтлагаас санал ирж байсан түүхтэй. Одоогийн байдлаар дөрвөн уран бүтээл дээр ажилласан байна.

-Бараг бүх дуу нь хит болж байна гэж хэлбэл хилсдэхгүй байх. Аль дуундаа хамгийн хайртай вэ?

-Анх хамтарч ажилласан болохоор ч байж магадгүй “Хайрын дурсамж” дуундаа илүү хайртай. Сэтгэлд нэг л дотно байдаг.

-ИРЭХ ОНД ШИНЭ ЦОМОГ ГАРГАЖ, ҮНЭНЧ СОНСОГЧ НАРТАА БЭЛЭГ БАРИНА-

-Ойрын болон хэтийн зорилго төлөвлөгөө тань юу байна вэ?

-Нэг үеэ бодоход надад өөрийн гэсэн үнэнч сонсогчтой болчихсон гэдгээ ойлгосон. Мөн тэд маань намайг хүлээж байдаг юм билээ. Тийм болохоор эхний ээлжид өөрийн гэсэн цомогтой болъё гэж бодож байна. Ирэх ондоо багтах байх гэж найдаж байна. Энэ бол ойрын зорилго. Харин хэтийн зорилго маань бол өөрийн бие даасан тоглолтоо хийх. Энэ бол хэтийн зорилго гэхээс илүү мөрөөдөл юм даа.

-Энэ зун танай хамтлаг нийслэл болон орон нутагт тоглолтод их оролцсон. Завгүй зун өнгөрлөө. Таны сонсогч ямар насны хүмүүс байдаг вэ?

-Би хамтлагийнхандаа тоглоом, наргиа болгож хэлдэг юм. Та нарын сонсогч бол санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн, өтөлж яваа хүмүүс. Харин миний сонсогч нар өсөж яваа шүү гэж наргидаг. Орон нутаг, нийслэл гээд миний сонсогч нар арван жилийн хөөрхөн хүүхдүүд байдаг. Би маш их бэлгэшээдэг дээ. Аягүй хөөрхөн гэгээлэг. Би үүнийг дагаад маш их үүрэг хариуцлага мэдэрдэг.

-Урлагийн салбар хатуу гэж ярьдаг. Танд хэр хатуу санагдав?

-Би урлагтай гурван наснаасаа холбогдож, өдийг хүрсэн байна. Энэ салбар бол үнэхээр хатуу. Ялангуяа, эмэгтэй хүнд бүүр хатуу санагддаг. Эрэгтэй хүнтэй харьцуулахад арай л их ачаа үүрдэг санагдсан. Эмэгтэй хүн чинь ээж болно. Буцаад салбартаа ирнэ зэрэг хэцүү санагддаг.

-ШАНТРАХ ҮЕ ОЛОН БАЙСАН Ч ТУУШТАЙ БАЙСАН НЬ ӨНӨӨДРИЙН RUNAA-Г БҮТЭЭСЭН-

-Өнөөдрийн дуучин Рунааг бүтээхэд шулуун, дардан замаар алхаагүй байх. Шантрах үе хэр их байв?

-Тийм ээ. Шантармаар, больчихмоор үе үнэхээр олон байсан. Нэг жишээ дурдъя. Өнгөрсөн жил миний хоолой гэмтээд дахиж дуулах эсэх нь ч эргэлзээтэй болсон.Яг тэр үед нийгмээс надад багагүй дарамт ирсэн. Тэр үед больчихъё л гэж бодогдсон. Тийм үед гэр бүл ойр дотнын хүмүүс маань л хажууд байдаг юм билээ. Гэхдээ бууж, өгөөгүй. Олон жилийн тууштай хөдөлмөр маань өнөөдрийг бүтээсэн гэж боддог. Ямар нэгэн аз таарсан биш. Харин цаг үе нь ирсэн гэж боддог.

-Уран бүтээлчдийн хувьд дараагийн үеэ бэлдэх, тэднийг дэмжих гэдэг чухал. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

- Миний өөрийн хувь хүний үзэл бодол бол нийгэмд эерэг зүйлийг түгээдэг уран бүтээлч байхыг хүсдэг. Тийм ч учир яг өөртэйгөө адилхан амьд хөгжмийн эмэгтэй хамтлаг бэлтгэх мөрөөдөлтэй байгаа. Миний мэдэхийн “Солонго” гээд нэг эмэгтэй хамтлаг байдаг байсан. Тэгээд одоогийн байдлаар байхгүй байна. Гэхдээ олон жил ч шаардагдаж магадгүй. Morning star хамтлагтай ижил эмэгтэй амьд хөгжмийн хамтлаг бэлтгэх мөрөөдөл маань биеллэх байх аа.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө