Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” байлдааны буудлагатай хээрийн сургууль ОХУ-ын Буриад Улсын нутаг дэвсгэр Бурдуны полигонд 2025 оны наймдугаар сарын 16-ны өдөр эхэллээ.
Сургуулийн нээлтийн ёслолд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол, Оросын Холбооны Улсын талаас Дорнод цэргийн тойргийн командлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч дэслэгч генерал М.Я.Носулев, Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов, хоёр орны цэргийн алба хаагчид, нутгийн буриад зон олон оролцлоо.
Хээрийн сургуулийг хоёр талын удирдагч Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, ОХУ-ын баатар, хошууч генерал В.А.Белявский нарын илтгэлээр эхлүүлж, хоёр орны Төрийн далбаа, сургуулийн тугийг мандуулж, Монгол, Оросын төрийн дууллыг эгшиглүүлэв. Энэ удаагийн нээлтэд олон сонирхолтой үзүүлбэр багтаасан байх агаад Монгол Улс, ОХУ-ын цэргийн нисгэгчдийн үзүүлбэр, байлдааны зориулалттай нисгэгчгүй нисэх хэрэгслийн үзүүлэх тоглолт, танкчдын үзүүлбэр, гардан тулааны үзүүлэх тоглолт, морьт үзүүлбэр, Буриад Улсын “Байгаль” үндэсний дуу бүжгийн театрын тоглолтыг тус тус толилуулж, сүүлийн үеийн зэвсэг, цэргийн техникийн үзэсгэлэнг дэлгэлээ. Тэр дундаа танкистуудын танкаараа “уран нугаралт"-ыг санагдуулам гайхамшигт үзүүлбэр, бэлтгэл офицеруудаар ахлуулсан морьтон дайчдын үзүүлбэр үзэгчдийн талархлыг хүлээж байлаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ 17 жилийн өмнө 2008 онд “Дархан” нэртэйгээр эхэлсэн энэхүү байлдааны буудлагатай хээрийн сургууль өнөөдөр олон талаар үр дүнгээ өгч, хоёр орны цэргийн хамтын ажиллагааг тогтвортой бөгөөд өндөр түвшинд хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр “Сэлэнгэ-2024” сургууль Халх голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол, Орос дайчдын баатарлаг ялалтын өлгий нутаг Дорнод аймагт зохион байгуулагдаж байсан бол “Сэлэнгэ-2025” сургууль Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хамтын хүчээр авчирсан ялалтыг хамтарсан сургуулиар дархалж байгааг тодотгоод, хоёр орны цэргийн алба хаагчдад сургуулийн бодлого төлөвлөлт, дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хангахын ерөөл өргөв.
Дорнод цэргийн тойргийн командлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч дэслэгч генерал М.Я.Носулев өнө эртний дайчин нөхөдтэйгөө “Сэлэнгэ-2025” сургуулийн хүрээнд өөрийн сайхан оронд дахин уулзаж байгааг онцлоод энэ удаагийн сургууль шинэчлэгдсэн хөтөлбөр, агуулгаар харилцан суралцахад чиглэн явагдаж байгааг хүндэт индрээс дурдлаа.
Сургууль 14 хоногийн хугацаанд явагдах ба Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргийн бүрэлдэхүүн оролцож байна. Сургуульд оролцогчдын 90 хувийг залуу бүрэлдэхүүн эзэлж буйгаараа онцлог бөгөөд өнөөгийн байлдааны арга тактикийн туршлага сургамжид үндэслэж, харилцан суралцахад чиглэн зохион байгуулагдаж байна.