Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан иргэдийг "малын хулгайг байнга үйлддэг байсан" хэмээн үзэж, үргэлжлүүлэн хорьж, шалгаж байна

Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан иргэдийг "малын хулгайг байнга үйлддэг байсан" хэмээн үзэж, үргэлжлүүлэн хорьж, шалгаж байна

Морьт харвааны тусгайлан сургасан 18 тооны адууг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлж, төхөөрсөн байсан хэрэг өнгөрсөн зургаадугаар сард /2025.06.07/ гарсан билээ. Улмаар тухайн хэргийг үйлдсэн этгээдүүд болох 18-29 насны таван хүнийг цагдаагийн байгууллагаас шуурхай олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн байдаг. Ингэхдээ дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж шалгаж байсан юм. 

Тэгвэл Морьт харвааны тусгайлан сургасан 18 тооны адууг хулгайлж, нядалсан байсан этгээдүүдийг үргэлжлүүлэн хорьж шалгаж байгаа аж. 

Ингэхдээ тэднийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгодог байсан хэмээн зүйлчилж шалгаж байгаа юм байна. 

Морьт харвааны 18 морьдыг хулгайлсан Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарын этгээдүүд нь морьдыг бүлэглэн хулгайлж, уг хэргээ нуун далдлах зорилгоор морьдын хүзүүнд зүүсэн байсан байршил тогтоогч GPS төхөөрөмжийг авч, жалганд хаяж, улмаар мал нядалгааны газар төхөөрсөн байдаг гэдэг. 

Ташрамд дурдахад, дээрх хэрэгт яллагдагчаар татагдаад буй зарим иргэн нь Морьт харвааны холбооны буюу нядалсан адуунуудыг унаж, эдэлдэг хүмүүс байсан гэдэг. Энэ талаар Монголын үндэсний морьт харвааны холбооны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар "Анд найз, ахан дүүсээс ялгаагүй хүлгүүдээ үхсэн байхыг үзэхэд үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Хулгайч нар өнгөрсөн жил “Дэлхийн нүүдэлчний наадам”-аас мөнгөн медаль хүртсэн, 100 метр замыг 6 секундэд туулдаг “Буурал хээр” гэгдэх хурдан хүлгийг унаж морьдыг минь туусан байсан. Энэ хэрэгт морьт харвааны холбооны шавь нар маань оролцсонд маш их харамсаж байна" хэмээн ярьж байсан юм.