БАРИМТ: НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн нийслэлийн өмчит компаниудын ТУЗ-өөс цалин авч, давхар Монголын хөрөнгийн биржийг удирдаж байна

БАРИМТ: НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн нийслэлийн өмчит компаниудын ТУЗ-өөс цалин авч, давхар Монголын хөрөнгийн биржийг удирдаж байна

Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хангамжийн шударга бус хуваарилалт эдгээр өдрүүдэд олны анхаарлын нэг гол сэдэв байлаа.

Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд нэр бүхий 17 компанийг цөөлөх, 9 компанид бүтцийн өөрчлөлт хийн, татан буулгаж, нэгтгэнэ" хэмээгээд Төрийн өмчит компанийн захирлууд 30 хүртэл сая төгрөгийн цалин, урамшуулал авдаг талаар мэдээлсэн. Харин тус мэдээллийн дараа Ерөнхий сайд Г.Занданшатар "Алдагдал нь тэрбум тэрбумаар яригдаж байхад төрийн өмчит компанийн захирлууд хэдэн арван сая төгрөгийн цалинтай байж таарахгүй. Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулна" гэдгээ мэдэгдсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор төрийн болон орон нутгийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөл болон удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын асуудал ч хөндөгдөж байна. Нэг хэсэг "Улаанбаатар хотын утааг бууруулсан" хэмээн "Тавантолгой түлш" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүд болох тухайн үеийн "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, ТУЗ-ийн гишүүн "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын Ц.Пүрэвхүү нарын хүмүүс өөрсдөдөө олон сая төгрөгийн урамшуулал авсан байсан асуудал олны анхаарал татаж, УИХ-ын сонсголын гол сэдэв болж байсан цаг саяхан. 

-НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД 2-3 КОМПАНИЙН ТУЗ, УЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАЖ, ОЛОН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН УРАМШУУЛАЛ АВДАГ-

Тэгвэл дээрх мэдээллүүдтэй холбоотойгоор төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ТУЗ болон УЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын талаарх мэдээллийг хөвөрдөж үзлээ. Гэтэл төрийн мэдээллийн нээлттэй санд нээлттэй байршуулдаг байсан ТУЗ болон УЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын талаарх мэдээлэл Ж.Батбаясгалан, Ц.Пүрэвхүү нарын мэдээлэл ил болсноос хойш шинэчлээгүй байна. Өөрөөр хэлбэл тэдний цалин, урамшуулал нууц болж, "тансаглал" нь далд хэлбэрт шилжжээ. Харин аль компанид, хэн гэж эрхэм ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг гэх мэдээлэл ил байна. Тус нээлттэй мэдээллээс харвал Нийслэлийн өмчийн оролцоотой ХК, ХХК-д Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид олноороо "шургалжээ". 

Тухайлбал,

  • Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн УЗ болон ТУЗ-д: НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын орлогч Т.Даваадалай, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт
  • Нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент" ХХК-ийн УЗ болон ТУЗ-д: НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын орлогч асан Л.Хосбаяр, НИТХ-ын төлөөлөгч, Хөрөнгийн биржийн захирал Б.Дөлгөөн 
  • Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн УЗ болон ТУЗ-д:  НИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр, НИТХ-ын төлөөлөгч, Хөрөнгийн биржийн захирал Б.Дөлгөөн
  • "Тархмал эрчим хүчний дэд бүтэц" ХХК-ийн УЗ болон ТУЗ-д: НИТХ-ын төлөөлөгч, Хотын даргын орлогч А.Амартүвшин, НИТХ-ын төлөөлөгч Б.Золзаяа гэх мэт НИТХ-ын төлөөлөгч нар багтжээ. 

Тэдний цалин урамшууллын талаарх мэдээлэл ил бус байгаа ч аудитын байгууллагын мэдээллээр зургаан гишүүнтэй Нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалинд өнгөрсөн жилд гэхэд 79 сая төгрөг, ТУЗ-тэй холбоотой зардалд 104.1 сая төгрөг зарцуулсан байх аж.

Үүнээс үзвэл тус компанийн ТУЗ-д байдаг НИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр, НИТХ-ын төлөөлөгч, Хөрөнгийн биржийн захирал Б.Дөлгөөн нарын цалин, бусад зардалд 30 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Харин тэд урамшуулалд чухам хэдэн төгрөг авсан нь мөн л нууц байна.

Нэг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/, Удирдах зөвлөл /УЗ/-д энэ мэт цалин, урамшуулал авдаг төлөөлөгч нар 2-3 компанийн гишүүнээр ажилласнаараа хэдэн төгрөгийн цалин урамшуулал авдаг нь анхаарал татах сэдэв мөн болоод байгаа юм.

-СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛӨХӨӨР НИТХ-Д СОНГОГДСОН Б.ДӨЛГӨӨН ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛӨХ БУС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДАЖ ЯВНА-

Хамгийн ноцтой нь, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, цалин урамшууллыг энэ мэтээр авдаг, нийслэлд "бүртгэлтэй" Б.Дөлгөөн нь Монголын Хөрөнгийн биржийн захирлаар өдгөө давхар ажиллаж байгаа явдал.

Нийслэлийн тэр дундаа Сүхбаатар дүүргийн иргэдийг төлөөлөхөөр 2024 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тэрбээр иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, энэ оны нэгдүгээр сард /2025.01.16/ "Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд очжээ. Түүнд иргэд, сонгогчдын итгэлийг даах ёс зүй байсан бол уг албан тушаалаас татгалзах бүрэн боломж байсан ч тэрбээр иргэдийг бус магадгүй өөрийг нь дэмжиж ажилладаг улстөрчдийн итгэлийг алдахыг хүсээгүй бололтой. 

Эцэст нь өгүүлэхэд, нийслэлчүүдийн итгэлийг хүлээж, НИТХ-д сонгогдсон гишүүдийн нийслэлийн өмчийн оролцоотой компаниудаас авдаг цалин, урамшууллыг олон нийтэд ил болгож, иргэдийг төлөөлөх үндсэн ажлаа хийхийг иргэд, сонгогчид хүсэж байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө