Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2025.08.16/ “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд ажиллалаа. Шивээ Овоогийн уурхай бол монгол геологич, инженерүүдийн ур чадвараар байгуулсан стратегийн ач холбогдол бүхий хүрэн нүүрсний орд юм.
Тус уурхай Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 28, “ДЦС-4” ТӨХК-ийн 50, Амгалан дулааны станцын 80 хувь, орон нутгийн станцууд болон төмөр замын нүүрсний хэрэглээг хангадаг. Энэ онд 2.5 сая тонн нүүрс олборлож, нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөгөө 60 гаруй хувьтай биелүүлжээ.
35 жилийн түүхэнд 45 сая тонн нүүрс олборлож, борлуулаад буй тус уурхайд өр төлбөр, дизель түлш, тэсрэх бодис, вагон хангамж хүндрэл үүсгэж эхэлсэн байна. Үүнээс гадна уурхайд 7 жилийн өмнөөс хөрсний гулсалт үүссэн нь хамгийн том асуудал болоод байна. 1 км урт, 5-35 метрийн өргөнтэй ан цав үүссэнийг тогтоож, торгоож байгаагаа Ерөнхий сайдад танилцууллаа. Ан цав үүссэн хэсэг газарт олборлолтыг зогсоож, хагарал тэлэхээс сэргийлжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн нөхцөл байдлыг сонсож, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Уурхай ашигтай, ажил урагштай байхад хүний оролцоо хамгийн чухал. Тиймээс уурхайн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэхийг үүрэг болгов. Мөн уулын ажлын төлөвлөгөөг судалгаа, тооцоотой гаргах, нөөцөө нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл хийх, үр ашгаа сайжруулж, өр төлбөрөө барагдуулахыг уурхайн Гүйцэтгэх захирал болон холбогдох албаныханд даалгалаа. Цаашид өр нэмж болохгүй, өндөр хүүтэй зээл авч, үр ашиггүй худалдан авалт хийхгүй, хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулав. Худалдан авах ажиллагааны хяналтыг сайжруулж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах нэгдсэн стандарттай болгох, үр ашгийг сайжруулах шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.