Монгол Улс далайд гарцгүй ч манай улсын төрийн далбаан дор 233 хөлөг онгоц бүртгэгдэн, дэлхийн аль ч боомт руу орох эрхтэй байдаг.
Өөрөөр хэлбэл Монголчууд далайд гарцгүй гадаад орнуудад төрийн далбаагаа түрээслүүлдэг бөгөөд үүнийг дагаад далбааны эзэн орон олон улс болон дотоодын хууль, дүрмийн дагуу бүртгэлтэй хөлөг онгоцнуудад хяналт, шалгалт тавьж, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангуулах, холбогдох шаардлага хангаж буй эсэхийг баталгаажуулах, хүрээлэн буй орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх үүрэг хүлээдэг.
Тэгвэл Гүржийн ЗТХЯ-ны Хилийн цагдаагийн газрын Эргийн хамгаалалтын газрын алба хаагчид Монголын далбаан дор хөвж явсан “ХАСКАЛ” хуурай ачааны хөлөг онгоцыг Гүржийн усан хилд навигацийн дүрэм зөрчсөн хэргээр саатуулсан гэж мэдээлжээ. Улмаар Хилийн цагдаагийн газрын Шуурхай, мөрдөн байцаах газрын ажилтнууд хөлөг онгоцны ахмад Азербайжаны иргэнийг 10,000 фунт стерлинг буюу 3,500 ам.доллараар торгохоор хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар “Agenda news” мэдээлсэн байна.
Түүнчлэн энэ хэрэг явдалд хяналт шалгалт тавих үүрэг хүлээсэн улс нь манай улс бөгөөд үүнд ямар хариуцлага хүлээлгэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Энэ төрлийн зөрчил Монгол Улсын далайн захиргаанд бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар "Хаскал" хөлөг онгоц далайд хэвийн тээвэрлэлт явуулж байгаа гэх мэдээлэл байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Сонирхуулахад, Манай улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд далбаагаа ашиглуулахаар 4000 гаруй хөлөг онгоц бүртгэжээ. Манайд бүртгэгдсэн хөлөг онгоцууд ихэвчлэн Ази, Номхон далайн бүсэд явдаг бөгөөд бүртгэлийн тарифын хувьд 500-аас бага даацтай нэг онгоцноос жилд 2300 ам.доллар авдаг. Ийм зарчмаар Далайн захиргааны газар жилд гурван тэрбум гаруй төгрөгийн орлого олж, түүнээсээ 250 гаруй саяыг улсын төсөвт төвлөрүүлдэг аж. Олон улсын хууль журмаар ямар нэг улсын төрийн далбаагүй онгоц далайд явах эрхгүй ажээ.