Нийтийн өргөдөл гомдлын систем D.Parlament сайтад иргэн Цэгмэдийн Лут-Очир нийслэлийн төсвийн зарлагад хяналт, шалгалт хийх саналыг гаргаад буй. Тэрбээр, Нийслэлийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, Хотын дарга Х.Нямбаатарын үйлдлүүдэд хянан шалгалт хийж, зохих арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа юм.
Энэ сарын 12-оос эхэлсэн тус өргөдөлд одоогийн байдлаар /2025.08.14-ний өдрийн 12:30 цаг/ 980 хүн гарын үсгээ зураад байна. Өргөдөлд санал авах хугацаа ирэх сарын 11-нд дуусах юм. Нийт 70 мянган хүний саналыг авч чадсан тохиолдол түүний гаргасан саналыг холбогдох байнгын хороо хянан шалгана. Харин 100 мянган иргэний санал авснаар тухайн хандсан асуудлыг УИХ дээр шууд хэлэлцэх юм.
Иргэн Ц.Лут-Очир "Нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт олон нийтэд ил тод бус, үргүй зардлууд их бий. Хотын дарга Нямбаатар дураараа шийдэж байгаа. УИХ хяналт шалгалт хийж хуулийн дагуу эсэхийг тодруулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлж буй.