"ДЦС-4"-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягийг албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардав

"ДЦС-4"-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягийг албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардав

ДЦС-4 ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуягтай холбоотой асуудлаас үүдэж хохирсон гэх Дорнод аймгийн 300 орчим иргэний төлөөлөл мэдээлэл өглөө.

Хохирсон иргэдийн төлөөлөл С.Болд “Эрчим хүчний салбарын албан тушаалтантай холбоотой асуудлыг илчлэхээр өнөөдөр бид мэдээлэл хийж байна. ДЦС-4-ийн захирал Ү.Төмөрхуяг нь хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан зэрэг ноцтой асуудлууд байж болзошгүй. Төрөөс орон нутгийн хөгжил, төвлөрлийг сааруулах зорилгоор орон сууцны хөнгөлөлттэй зээл иргэдэд олгодог. Гэвч Дорнод аймагт орон сууц захиалсан 300 гаруй иргэн хэдэн жилийн турш байрныхаа ордероо авч чадаагүй, улмаар орон сууцны зээл ч гарч өгөхгүй гацсан байдалд орсон байна.

Тодруулбал, Ү.Төмөрхуяг нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй 1.2 тэрбум төгрөгийг барилгын газарт хөрөнгө оруулсан гэж өөрөө ярьж, минийх хэмээн тайлбарладаг. Гэтэл таур барьсан гүйцэтгэгч компанитайгаа маргаан үүсгэсний улмаас оршин суугчдын ордерыг гаргаж өгөхгүйд хүрсэн нөхцөл байдал үүсээд байна. Энэ 1.2 тэрбум төгрөг нь өөрийнх нь мөн байвал энэ хүн хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага үүрэх юм. 300 хүн гэдэг бол цөөн тоо биш. Энэ олон хүний эрх ашиг хохирч байхад төр яагаад ямар нэг арга хэмжээ авахгүй байна вэ. Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг хаана хянаад байна вэ. Нэг сайдын цүнх баригч боллоо гээд хууль үйлчлэхээ больдог юм уу. Иймээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төрийн албанд дэг журам тогтооно гэж ярьсныгаа энэ хүнээс эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Иймд уг хүнийг ажлаас нь чөлөөлж өгнө үү” гэв.