Ардчилсан гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар тэргүүтэй гишүүд өнөөдөр /2025.08.18/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр " Ардчилсан нам нь 2024 оны УИХ-ын сонгуульд ялагдаж ард түмний сонголтоор сөрөг хүчин болох даалгаврыг авсан. Харамсалтайгаар өнөөдрийг хүртэл энэ даалгаврыг үл биелүүлж буй учир ард түмэн үнэхээр бухимдаж байна. Энэ даалгаврыг биелүүлэх ёстой байсан Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ нэн даруй тарахыг бид шаардаж байна. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол улс төрийн хатуу тэмцэлд орно" гэв.
Харин тус намын гишүүн А.Цэрэнбат " 2016, 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам дараалан ялагдсан. Ардчилсан нам муудаа биш хэсэг бүлэг хүмүүсийн маргаан, талцлаас болж ийм үр дүнд хүрсэн. 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг УИХ-ын сонгуульд удирдаж орсон хүмүүс улс төрийн зориг гаргаж чадаагүй. Үүнд ард түмэн эгдүүцэж Ардчилсан намыг сөрөг хүчин болгосон. Улс төрд эр зориг хэрэгтэй. Намынхаа үнэт зүйл, нөхдийнхөө төлөө өөрийнхөө золиослох зориг хэрэгтэй байдаг. Гэтэл өнөөдөр Ардчилсан намыг удирдаж буй хүмүүс өөрсдийгөө аврахын төлөө Ардчилсан намыг золиослож байна. Маш олон журмын нөхөд минь амиа алдсан. Үүнд Ардчилсан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Өнөөдөр Ардчилсан нам эзэнгүй, даргагүй байгаа. 21 аймаг, есөн дүүрэгт ялагдсан. Ялагдсан бол намын удирдлагууд намын дүрмээр ажлаа өгөөд явах ёстой. Гэтэл өнөөдрийн дарга "Би огцорч байна. Ажлаа өглөө" гэж хэдэн сарын өмнө мэдэгдсэн ч өнөөдөр ажлаа хэвийн гүйцэтгэж байна. Эдийн засгийн байдал хүндэрч байна. Энэ өвөл нөхцөл байдал хүндэрнэ гэдгийг Ерөнхий сайд хэлж байна. Үүнд Ардчилсан нам иргэдийнхээ талд зогсож чадаж байна уу. Ардчилсан намын эзэнгүйдүүлж, арчаагүй байдалд оруулж байгаа энэ намын удирдлагуудыг татан буулгана. Гантөмөр өөрөө огцроод явсан. Одоо ерөнхий нарийн бичгийн дарга болон 15 дэд дарга ажлаа өгөх ёстой. Үндэсний бодлогын хороо 300 гаруй гишүүнтэй. Энэ хороог яаралтай хуралдуулахыг шаардаж 200 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. Бүх шатны намын даргыг шинээр сонгох ёстой. Одоо Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо яаралтай хуралдаж энэ намыг шинэ даргатай болгох ёстой. Үүний дараа аймаг, дүүргийн намын дарга нарыг өөрчлөх ёстой юм" гэлээ.
ВИДЕО:
🔴ШУУРХАЙ: АН-ын гишүүд ҮБХ-оо яаралтай хуралдуулж намын дарга Л.Гантөмөрийг огцрохыг шаардлаа. Намын тамга нь намынхаа байранд ч байхгүй дарга нь ч ирдэггүй талаар мэдээлэл хийж байна! pic.twitter.com/U13SMgxm7z
— Дэнс.мн, Сэтгүүлч Т.Шинэбаяр (@ShinebayarTny) August 18, 2025