ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн улс орон даяар эхэллээ

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн улс орон даяар эхэллээ

Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн улс орон даяар эхэллээ. ХААН Банк 30 жилийн ойн хүрээндээ 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд сум болон нийслэлийн найман дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчныг бүрдүүлсэн билээ. Тус санаачилгын үргэлжлэл болгож ХААН Банк жил бүрийн намар орон даяар сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуусын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн юм.

Энэ жил Сүхбаатар, Хэнтий аймаг тэмцээний салхийг хагалж, шилдэг багуудаа өчигдөр, өнөөдөр тодруулсан бол бусад аймагт 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Аймгийн аварга шалгаруулах уг тэмцээнд I байранд шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг багууд бүсийн аваргын шатанд өрсөлдөх эрхтэй болж, улмаар бүсдээ шалгарсан тохиолдолд улсын аваргын төлөө хүч сорих юм.

Тодруулбал, тэмцээн дараах гурван үе шаттай болно.

  • Орон нутгийн аварга шалгаруулах шат: 2025 оны 8-р сарын 17–20-нд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд, Багануур дүүрэгт,
  • Бүсийн аварга шалгаруулах шат: 2025 оны 8-р сарын 25–30-нд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд,
  • Улсын аварга шалгаруулах финалын шат: 2025 оны 8-р сарын 30–31-нд Улаанбаатарт болно.

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ жил Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 9–12-р ангид 2025–2026 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдаас бүрдсэн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байна. Орон нутгийн шатанд шилдгээр шалгарсан эрэгтэй, эмэгтэй багт тус бүр дараах өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

  • I байр – 1,000,000 төгрөг, өргөмжлөл, медаль
  • II байр – 700,000 төгрөг, өргөмжлөл, медаль

Хүүхэд залууст спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй, жил бүр тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулснаар тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрүүл, зөв амьдралын хэвшилд уриалж, бие бялдрын хөгжлийг дэмжээд зогсохгүй уг спортыг орон даяар хөгжүүлэх, ирээдүйн сагсан бөмбөгийн тамирчид, тив, дэлхийн аваргуудыг төрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна. 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк