Буудлага спортын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 16-наас 30-ныг дуустал Казахстаны Шымкент хотод болж буй. Дөрвөн жилд нэг удаа болдог 16 дахь удаагийн тивийн аваргын тэмцээн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе гэсэн гурван насны ангилалд болдог онцлогтой.
Энэ жилээс хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдахаар болсон юм. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 25 тамирчин оролцож байна. Насанд хүрэгчдийн ангилалд 13 тамирчин цэц сорих ба урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал нар өрсөлдөх бол гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг, Т.Гантуул, Т.Баярмаа, А.Буяндэлгэр нар оролцоно. Мөн өсвөр үеийнхний ангилалд 11, залуучуудад нэг тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Нийт шар тивийн 28 орноос 700 гаруй тамирчин энэ удаагийн тэмцээнд цэц сорьж буй.
Насанд хүрэгчдийн ангилалд анхны түрүүг эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны багийн дасгалд БНХАУ-ын баг хүртсэн бол Энэтхэг, Ираны баг мөнгө, хүрлийн эзэд болжээ.