АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын дээд хэмжээний уулзалт өнгөрөгч Баасан гарагт /2025.08.16/ Аляска мужийн Эльмендорф-Ричардсон цэргийн баазад болсон. Харин энэхүү уулзалтын дараа Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг Цагаан ордонд урьсан юм.
Тэгвэл өнөөдөр /2025.08.18/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын уулзалт болно.
Харин Украины талд баттай зогсох зорилгоор Их Британ, Франц, Герман, Итали, Финланд, Европын Комисс, НАТО-гийн удирдагчид Ерөнхийлөгч В.Зеленскийг дагалдан АНУ-д болох хэлэлцээнд оролцохоо мэдэгдээд байна. Иймд өнөөдөр болох уулзалт нь дайн, эв нэгдлийн асуудлыг тодорхойлж магадгүй бөгөөд үр дүн нь Европ, Америкийн бодлогын ирээдүйг тодорхойлж мэднэ хэмээн зарим судлаачид онцолж байна.
Учир нь Аляска мужид болсон уулзалтын дараа Д.Трамп гал зогсоох хүсэлтээсээ татгалзаж, оронд нь байнгын энхийн хэлэлцээр байгуулахыг уриалсан юм. Мөн Д.Трампын зөвлөх, АНУ-ын төлөөлөгч Стив Виткофф хэвлэлд өгсөн ярилцлагадаа "В.Путин Украинд НАТО-той адил аюулгүй байдлын баталгаа өгөхийг зөвшөөрсөн" гэж мэдэгдсэн юм. Үүний хариуд Украины Ерөнхийлөгч В.Зеленский, "Украины ирээдүйн талаархи аливаа шийдвэрийг түүний оролцоотойгоор гаргах ёстой"-г онцолсон юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп олон нийтийн сүлжээнд “Украин НАТО-д элсэх боломжгүй, мөн 2014 онд Орост нэгтгэсэн Крымийг буцаах боломжгүй” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл Европын удирдагчид Украины аюулгүй байдлын баталгааг бэхжүүлэх зорилгоор Д.Трамптай уулзалт хийж, танилцуулах төлөвлөгөөгөө тохиролцсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: BBC