Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны наймдугаар сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Мөн тэрээр Улаанбаатар хотноо наймдугаар сарын 20–22-нд болох Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалтад оролцоно.
Хэлэлцээний үеэр талууд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцох аж. Монгол Улс, Лаосын Ардчилсан Ард Улс хоорондын дипломат харилцаа 1962 оны есдүгээр сарын 12-нд тогтоосон билээ.