Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хуралд Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо.
Өнгөрөгч долоодугаар сарын 02-нд болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарч, төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай ажиллах шаардлагатай байгааг онцолсон. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар үүрэг даалгавар өгөөд байсан юм. Албан даалгаврын хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.
ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: -Улсын хэмжээнд 2024 оны эцсийн мал тооллогоор 57.6 сая толгой мал тоологдож, 2025 онд 20.08 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 77.68 сая, хонин толгойд шилжүүлснээр 130 сая мал бэлчээрлэж байна. Үүнээс 2025 онд дотоодын хэрэгцээнд 7.0 сая, зах зээлд 13.0 сая толгой малыг худалдан борлуулж нийт 100 орчим сая (хонин толгойд шилжүүлснээр) малыг өвөлжүүлж хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байна.
Олон малтай аймгууд буюу Хөвсгөл, Төв аймагт бэлчээрийн ургамлын 2025 оны ургац тааруу, дийлэнх сумдад нь гандуу, гантай байгаа нь өвөлжилтийн хүндрэл үүсэж болзошгүй, эрсдэлт бүс нутагт тооцогдож байна. Харин Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд хэдийгээр малын тоо ихтэй ч бэлчээрийн ургамлын ургац, даац харьцангуй сайн байна. Улсын хэмжээнд 2025 онд улсын хэмжээгээр 312.8 мянган га-д үр тариа, үүнээс 272.8 мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал нийтдээ 577.5 мянган га-д тариалалт хийж өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан.
Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарч нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байна.