Өвөл, хаврын морин уралдааныг сэргээсэн Засгийн газрын шийдвэрийг албажуулж, 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Тэгвэл уяачид энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, уг шийдвэрийн дагуу өвөл хаврын морин уралдаан, үсэргээ, сунгаан зохион байгуулах боломжгүй гэдгийг тодотгож байна.
ВИДЕО:
-ЗАСГИЙН ГАЗРААС ХОЁР ӨӨР ТОГТООЛ ГАРГААД "18 НАС ХҮРТЭЭГҮЙ ХҮҮХЭД ХУРДАН МОРЬ УНАХГҮЙ" ГЭХ ТОГТООЛОО БАТЛАВ-
Монгол Улсын Засгийн газар 2025 оны нэгдүгээр сарын 29 /2025.01.29/-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Бүсийн уралдаанаас бусад орон нутагт зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын зөвшөөрлийн дагуу зохион байгуулж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон. Мөн өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байх шийдвэрийг гаргалаа.
Хачирхалтай нь, дээрх тогтоол нь албажиж олны өмнө нийтлэгдэхээс өмнө 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байх гэсэн заалт төсөлд байгаагүй байна.
Тодруулбал, анхны тогтоолын төсөлд "Хурдан морины уралдааныг уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр цаг агаар, улирлын онцлог шинжийг харгалзан зохион байгуулахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах, хурдан морины уралдааныг холбогдох хуульд заасны дагуу зохион байгуулах бөгөөд нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байжээ.
-200-250 КГ ЖИНТЭЙ МОНГОЛ МОРИЙГ 50-60 КГ ЖИНТЭЙ ХҮН УНАЖ УРАЛДВАЛ, ХУРДАН МОРЬ ХӨЛГҮЙ БОЛНО ГЭВ-
Тэгвэл уяачид Монгол Улсын Засгийн газраас саяхан өөрчилж баталсан 57 дугаар тогтоол амьдралд хэрэгжих боломжгүй шийдвэр гэдгийг хэлж, эсэргүүцэж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд хурдан морь уяж сойдог уяачид "Засгийн газраас хавар, өвлийн улиралд 18 нас хүртэлх хүүхдийг хурдан морь унуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь амьдралд хэрэгжих боломжгүй. Монгол морины амьдын жин нь 200-250 орчим килограмм. Харин уяа сойлго нь таарсан морьд 160-180 орчим жинтэй болдог.
Гэтэл ийм жинтэй морийг 50-60 түүнээс дээш жинтэй хүн унаад 10 гаруй километр замыг туулж, уралдах ямар ч боломж байхгүй. Ер нь хурдан морины унаач хүүхэд 20-25 орчим килограмм жинтэй л байдаг. Түүнээс илүү жинтэй хүүхэд хурдан морины унаачаас хасагддаг" гэдгийг тодотгож байлаа.
Мөн "Хурдан морийг хүүхэд багачууд унаж, уралдах нь өв соёл болохоос гаднын улс орныг даган дуурайж, өв соёлоо устгаж болохгүй. Том хүн хурдан морь унаж уралддаг гаднын улс орны морьдын амьдын жин өндөр, том биетэй. Монгол Улс шиг холын зайнд бус ойрын зайнд уралддаг. Энэ мэт асар их ялгаа байхад шууд тэднийг дуурайж, 18 нас хүртэлх хүүхдийг өвөл, хаврын улиралд хурдан морь унуулахгүй гэж байгаа нь амьдралд нийцэх боломжгүй. Үнэхээр ийм шийдвэр гаргах байсан бол өмнөх шийдвэрээ өөрчлөх ямар ч шаардлага байхгүй байсан" хэмээж байв.